ХОВД: Чихрийн шижин өвчинтэй 700 орчим хүн эмчийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-14 17:17:45

Ховд /МОНЦАМЭ/.  Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.


Тус өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас холбогдох бусад байгууллагатай хамтран Бүх нийтийн явган алхалт зохион байгууллаа.

Бүх нийтийн явган алхалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 500 орчим иргэн оролцож, 3.6 км газарт 6300 орчим алхалт хийж, 35 минут зарцуулжээ.   

Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөл, чихрийн шижингийн тохиолдол, нас баралт нэмэгдэж, иргэдийн эрүүл амьдралын чанар буурсаар байгаа. Иймээс өдөр бүр алхах, гүйх зэргээр дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ хамгаалахыг мэргэжилтнүүд уриаллаа.  


Монгол  Улсад 15-49 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд  хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг. 


Иргэдийн 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай гэсэн судалгаа гарчээ. 


Илүүдэл жин, хөдөлгөөний хомсдол нь чихрийн шижин өвчин үүсгэх хүчин зүйлсийн нэг юм.


Мөн судалгаанаас үзэхэд  1998 онд Ховд аймгийн хэмжээнд чирхийн шижин өвчний нэг тохиолдол бүртгэгдэж байсан бол 2005 онд уг  өвчнийг илрүүлэх, эмчлэх зориулалт бүхий кабинет байгуулахад 12 хүн хяналтад орж байжээ.


Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймагт 700 орчим хүн чихрийн шижингээр өвчилсөн нь тогтоогдож, эмчийн хяналтад байна. Тэдний
 80-90 хувь нь хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаалсан таргалалт, биеийн жингийн илүүдэлтэй байгааг мэргэжлийн эмч хэллээ.

                            
                         Монгол хүн өдөрт дунджаар 2737 алхам алхдаг

18-69 насны нийт хүн амын 29.2 хувь нь өдөрт 3000-10.000, 24.6 хувь нь 3000-аас доош алхалт хийдэг.  Харин хамгийн бага буюу  4.9 хувь нь 10.000-с дээш алхалт хийж, эрүүл мэнддээ анхаардаг гэх судалгаа бий. 

Холбоотой мэдээ