ӨМНӨГОВЬ: "Эгшиглэнт говь-2022" наадмын шилдэг найрагчаар Т.Батхүрэл шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Говь Гурван сайхан уулынхаа хормойд 35 дахь жилдээ зохиож байгаа "Эгшиглэнт говь-2022" наадам өнөөдөр болж байна.
Тус уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирсэн бөгөөд нэгдүгээр шатанд 35 яруу найрагчийн бүтээлийг шалгарууллаа. Энэ удаагийн наадмыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран зохион явуулж байгаа юм.
Уралдаанд Даланзадгад, Булган, Ханбогд, Баяндалай, Номгон, Гурвантэс, Ханхонгор, Хүрмэн, Мандал-Овоо, Цогт-Овоо, Сэврэй зэрэг сумаас шилдэг яруу найрагчид ирж оролцож байна. Шилдгийн шилдэг яруу найрагчдын уран бүтээлийн чансааг дэнслэхээр ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдалай, МЗЭ-ийн гишүүн, хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын шагналт яруу найрагч Должинжавын Оюун-Эрдэнэ нар иржээ.
Гуравдугаар шатанд 5 шилдэг найрагч тунан үлдэж, шийдвэрлэх мөчид яруу найрагчдын бүтээл чангарч шүлгэн хүлгээ уралдуулж тэргүүн байрыг Булган сумын харьяат яруу найрагч Төмөрийн Батхүрэл эзэлж цомын эзэн боллоо. Харин дэд байрт Тэрбишийн Энх-Эрдэнэ "Шалтгаан" шүлгээрээ, гутгаар байрт Оюунсүрэнгийн Сувдаа "Мартагдсан хаягнаас маргааш чамд захидал ирвэл чи яах вэ?" шүлгээрээ орсон бол дөрөвт Оюунчимэгийн Уранбилэг "Шүлэг минь чи хэн юм бэ? Онгод чи юу юм бэ? шүлгээрээ, удаах байрт Банзрагчийн Мөнхөө "Хүн та" шүлгээрээ тус тус шагналт байруудыг эзэллээ.
Энэ жилийн "Эгшиглэнт говь" яруу найргийн наадмын онцлог нь түрүүлсэн найрагч "Болор цом-40" яруу найргийн наадамд орох эрхтэй болж байгаа юм. Оролцож байгаа найрагчдын бүтээлүүд нь гүн ухааны болоод нутаг усаа хайрлан хамгаалсан өнгө аястай шүлгүүд бичжээ.
Мөн чанарын шүлэг /Тэргүүн байрны шүлэг/
Уулс миний мөн чанар
юм
Уйтгарлах минь манан дундах уулс шиг тийм
нууцлаг
Улаан хавцалынх нь ирмэг дээрээс харлаг тэх
халихад
Урагдсан
сэтгэлийн чулууд хамт нуран унах нь
Угтаа хэн нэгний алдахдаа мэдэрдэг мөн чанар
минь юм
Ус миний мөн чанар юм
Уйлах минь харз
булгийн эх шиг тийм тунгалаг
Урсгал дагасаар
сүүлийн навчис намрыг аваад буцахад
Урсгасан нулимс нь анхны цас болон зөөлөн
газардах нь
Угаас баяр гунигийн алинд ч нулимсаа дотогшоо
нуудаг мөн чанар минь юм
Бороо миний мөн чанар юм
Бодох минь хүртэл зүсэр бороо шиг тийм гүн юм
Болор молор талстууд нь охидын цээжийг норгоход
Болзоогүй учралынх нь догдлол зүрхэнд
мэдрэгдэх шиг
Бодох нь ээ хэлж болохгүй учралуудаа зүрхэн
гүндээ бичдэг мөн чанар минь юм
Салхи миний мөн чанар
юм
Санаа алдах минь
хүртэл үе үехэн сэвэлзэх тийм гэгэлгэн
Санамсаргүй үүссэн салхины торгон
үзүүр дэрсэн толгой шүргэхэд
Саранд сонсогдох чимээ нь ээжийн тухай дуу
болон эгшиглэх шиг
Санах нь ээ гэнэ гэнэхэн ийжийгээ санаад шүлэг
тэрлэх мөн чанар минь юм
Гал миний мөн чанар
юм
Газар тэнгэрийн дунд
орших минь тийм хангал
юм
Галт уулын чулуулаг дэлхийн төвөөс үсрэн
гарахад
Газар шороо алгаараа час халуун нурамыг
атган дүрэлзэх нь
Гарцаагүй юунаас ч үл эмээх яруу найрагч хүний дотоод ахуйн мөн чанар минь юм
Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэл