ХОВД: Үер, усны улмаас бусдын амь эрсдэх дуудлага 50 орчим хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-15 15:27:32

Ховд /МОНЦАМЭ/. "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах" баруун бүсийн сургалт өнөөдөр Ховд аймагт болж байна.


Тус үйл ажиллагааг
 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлж буй.


Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Онцгой байдлын газрын удирдлага болон мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл
энэ удаагийн сургалтад оролцож, мэдлэгээ өргөжүүлж байна.


Баруун бүс нутгийн хэмжээнд үнэлгээ, төлөвлөлт хийснээр учирч болох эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Иймээс сургалтын үеэр гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, түүнд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан ажиллах талаар мэдээлэл түгээж буй.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас  учирч байгаа ган зуд, газар хөдлөлт, үер ус, гал түймрийн аюулын давтамж харилцан адилгүй байдаг. 2010 оноос эхлэн улсын хэмжээнд хэрэгжсэн гамшгийн үнэлгээ, төлөвлөлт хийх төслийн үр дүнгээр сүүлийн 3 жилийн хугацаанд Ховд аймагт л гэхэд үер, усны улмаас бусдын амь эрсдэх дуудлага мэдээлэл 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Мөн гал түймрийн улмаас учирсан хохирол буурчээ.  

Сургалтын явцад гамшгийн эрсдэлийг төлөвлөх чиглэлд гадны улс орны тэргүүн туршлагуудыг хуваалцаж, баруун аймгуудад хийсэн эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, бууруулах арга замуудын талаар ярилцаж байгаагаараа онцлогтой.

Ингэснээр орон нутгаас цаашид учирч болох гамшгийн эрсдэлд үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд бодитой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ