Ковидоор халдварлах эмнэлгийн ажилтны тоо нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-18 11:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад коронавируст халдварын тохиолдлын тоо ПСР шинжилгээгээр илрэх хувь 5-5.9 болж нэмэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.


Тэрбээр, “Номхон далайн баруун бүс буюу манай бүс нутагт “Ковид-19” болон  омикроны давалгаа дэгдэлт явагдаж байна. БНСУ-д халдварын хамгийн их тохиолдлын тоо бүртгэгдэж байгаа бол хоёрдугаарт Япон улс, манай урд хөрш БНХАУ тавдугаарт орж байна.  БНСУ, Япон улсад омикроны дэд хувилбарын дэгдэлтийн оргил үе, БНХАУ-д оргил үеэс буурсан хэдий ч өдөрт болон долоо хоногт тохиолдож буй тохиолдлын тоо өндөр хэвээр байна.


Манай улсын хувьд 45 дугаар долоо хоногт буюу нэг долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол бүртгэгдсэн.

Энэ нь өмнөх долоо хоногт 772 байсан бол 1192 болж өслөө. ПСР шинжилгээгээр илрэх хувь 5-5.9 болж нэмэгдсэн. Эрүүл мэндийн ажилтан ажлын байран дээрээ халдварлах тохиолдол ихэсж байна. Өнгөрсөн долоо хоногт 37 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногт гурав дахин буюу 99 болж өссөн” гэв.


Мөн тэрбээр эрсдэлт бүлэг болох хүүхэд, өндөр настан болон иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Түүнчлэн амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг энгийн дадал зуршлаа эргэн сэргээхийг сануулав.

Холбоотой мэдээ