ЗАВХАН: Сургуулийн насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-19 13:53:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг эрүүл мэндийн салбартаа 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэлээ.  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Чадварлаг эмч" хөтөлбөрийн хүрээнд Улиастай, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиудын сонгогдсон бүлгийн хүүхдүүдийг зүрх судас, чих хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулна.

Энэ үйл ажиллагаанд 25 сая, эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж эх, нярайн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд зориулан 15 сая төгрөгийг зарцуулна. Ингэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дулаан хангамжийг сайжруулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт хавдрын үеийн химийн эмчилгээний өрөөг тохижуулахад 5.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгаас "Чанарын аян"-ыг зарлаж үзлэг оношилгоог хийжээ. Тухайлбал, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын 9 дүгээр ангийг түүвэрлэн сонгож, 136 суралцагчийг зүрх судас, шүд, чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамруулж 68 хувь нь шүд, амны хөндийн үрэвсэлтэй, хоёр хувь нь гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй. Харин 31 хувь нь зүрхний хавхлагийн эмгэгтэй байсан бөгөөд гурван хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай оношлогдсон байна.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тусгай хуваарийн дагуу явуулахаар боллоо.

Мөн энэхүү үзлэг, оношилгоог Улиастай, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль болон Монгол Улсын Консерваторын харьяа Хөгжим бүжгийн коллежийн 9,10 дугаар ангийн 728 суралцагчдыг хамруулан 11 дүгээр сарын 16-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзлэгийг Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулиас эхлүүлээд байна. Энэхүү үзлэгийн үр дүнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох эмгэгийг илрүүлж, эмчилснээр эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.


Мөн үзлэг оношилгоог хийх үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх чиглэлээр багш, суралцагч, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч, сурталчилгааны материалаар хангаж ажиллана гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 




Холбоотой мэдээ