Б.Дөлгөөн: Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэхгүйгээр богино хугацаанд үр дүн гарахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-22 11:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв”-ийг байгуулан ажиллаж буй. Тус төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Дөлгөөнөөс хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодрууллаа.


Тэрбээр, тус төв нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, оролцогч байгууллага, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, төслийг  хурдасгах, судалгаа, шинжилгээ хийж, хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлж, гацаж буй төсөл, хөтөлбөрийн шийдэл дээр санал өгч, хэрэгжүүлэгч яам болон агентлагт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэг чиглэлтэй байгуулагдсаныг тодотголоо.


Тус төв нь Дэд бүтцийн хөгжлийн бодлогын болон ногоон бүтээмжийн хөгжлийн гэсэн хоёр газар, Захиргаа, удирдлагын нэг хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна.



Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 98 арга хэмжээ, 94 төсөл, хөтөлбөр багтаж буй. Эдгээрээс тус төв эрчим хүчний болон боомтын буюу тээвэр логистик, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, судалгаа-шинжилгээний чиглэлээр дата центр байгуулах гэсэн 4 чиглэлийн хөтөлбөр дээр ажиллаж байна. Үүн дээр “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд багтаж буй нийслэлийн түгжрэлтэй холбоотойгоор нийтийн тээврийг шинэчлэлийн асуудлыг судлах ажил нэмэгджээ. 



Б.Дөлгөөн: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт, баг бүрд  агуулгад нь нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой.


-Байгуулагдсанаас хойш танай төв ямар судалгаа хийв. Судалгааны дүнг танилцуулна уу?

-Өнгөрсөн 6 дугаар сараас хойших хугацаанд бид эрчим хүчний салбарын болон хөдөө аж аж ахуйн чиглэлээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол концепцитой нийцүүлэн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн хоёр судалгааг тус тус хийгээд байна. Эрчим хүчний салбарт эх үүсвэрийг нэмэхгүйгээр аж үйлдвэрийн сэргэлт богино хугацаанд үр дүн харагдахгүй. Түүнчлэн Боомтын сэргэлтийн хүрээнд тээврийн зардлыг бага байлгаж цаг хугацааг түргэсгэхгүйгээр үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй байгааг судалгаа харуулж байгаа.

Төрийн албаны шинэчлэл дээр тулгарч буй, үүсч буй асуудлыг бүлэглэн ангилж, тодорхойлон жагсааж гаргаж ирсэн. Тодруулбал, төрийн албыг орчин үеийн, нийтэд үйлчилсэн болгох нь чухал байгаа нь судалгаагаар гарсан. Түгжрэлтэй холбоотой нийтийн тээврийн судалгааны үр дүнд хамгийн бага зардлаар богино хугацаанд түгжрэлээс гарах эдийн засгийн тооцооллыг хийж гаргана.


"Шинэ сэргэлтийн бодлого"-ын нийт төслийн 60 нь эхлэлийн шатандаа яваа бол 34 нь санхүүгийн эх үүсвэр нь тодорхой болжээ.


Өнгөрсөн хугацаанд бид Удирдлагын академитай хамтран “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсруулж, бүх яам, нийт 26 агентлагийн төлөөллийг сургалтад хамруулсан.


Одоогийн байдлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хөгжлийн зохих хуулиудын тестийг боловсруулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн хоёр чиглэлээр хамтран ажиллаж байна.  


-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд юу юу шаардлагатай байгаа нь харагдаж байна вэ?

-Миний бодлоор “Шинэ сэргэлтийн бодлого”-д төрөөс хэрэгжүүлэх зүйл их байгаа боловч аймаг, орон нутаг, тухайн баг бүр энэ бодлогыг өөрсдийн нөхцөл байдалд нийцүүлээд хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг. Энд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.


Энэ үүднээс Ерөнхий сайдаас гаргасан хөгжлийн асуудалд залуучуудын оролцоог хангах зорилготой “Шинэ сэргэлт: Nextgen-2022” санаачилгын хүрээнд манайх оролцоод эхний ээлжинд 1500 залуучуудыг сургалтанд хамруулж, эндээсээ 150 залууг биечлэн 21 аймаг, 9 дүүргээс авчирч “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан залуучуудад хөгжлийн төсөл, хөтөлбөр бичих сургалтыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ