ӨВӨРХАНГАЙ: Цагдаагийн газар, ШШГГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-25 16:38:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагаар хөндлөнгийн мониторинг хийлгэжээ. Өнөөдөр ажлын багийн ахлагч И.Доржсүрэн холбогдох албаныхныг оролцуулан мониторингийн үр дүнг хэлэлцлээ.

 

Хүний эрхийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий дээрх байгууллагуудын дотоод үйл ажиллагаа, дүрэм журмын хэрэгжилт, үйлчлүүлэгчдийн болоод алба хаагчдын  сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийснээр хуулиас хамааралтай хүний эрхийн асуудал Өвөрхангай аймагт хэр зөрчигдөж байгааг тогтоох зорилготой.



Судалгааны ажлыг “Залуусын элч” ТББ-аас зохион байгуулж, иргэд болон тус байгууллагуудын алба хаагчдыг хамруулан тоон судалгаа, асуулгын аргаар гүйцэтгэсэн байна.

 

Судалгаагаар дээрх байгууллагуудын алба хаагчдаас иргэдэд тавьж буй шаардлага, хүний эрхийг зөрчих байдал нь тухайн албан хаагчийн харилцааны соёл, эрхзүйн мэдлэгээс шууд хамаардаг гэсэн бол албан хаагчдын гурван хүн тутмын нэг нь ажлын ачааллаас шалтгаалаад албан үүрэгтээ сэтгэл хангалуун бус байдаг аж.

 

Мөн судалгаанд оролцогч иргэдийн 74 хувь нь тухайн байгууллагын алба хаагчид дээрэнгүй, харилцааны соёлгүй, 69.2 хувь нь хувь хүний нууцад халддаг, 52 хувь нь хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхдаг, 41 хувь нь ажилдаа хариуцлагагүй ханддаг гэжээ.

 

Холбоотой мэдээ