Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал болохыг онцлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-29 08:42:58

УЛААНБААТАР. /TASS/. Монголын эрх баригчид БНХАУ, ОХУ-тай гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо уулзах үеэрээ мэдэгдлээ.


“Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгдөг” гэж У.Хүрэлсүх хэлснийг түүний хэвлэлийн алба уламжлав.


Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн гурван улсын хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой гэдэгтэй талууд санал нэгдсэн байна.


Хоёр орны төрийн тэргүүн нар Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, Бээжин, Улаанбаатарын хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.


"БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт юм. Ялангуяа олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий нийтийг хамарсан цар тахал үргэлжилж, шинэ сорилтууд тулгарч байгаа амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.


Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид ирэх таван жилд худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, түүнчлэн Хятад руу Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Талууд мөн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Холбоотой мэдээ