Цахилгааны үнийг 20 хувиар нэмснээр өртөг нь 213 төгрөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-29 14:20:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж байна.


Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний оргил ачаалал өнгөрсөн онд 1387 МВт хүрчээ. Энэ нь цаашид жил бүр 100 МВт-аар өсөж, 3 жилийн дараа гэхэд 1680 МВт-д хүрэх төлөвтэй байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжуудын талаар өнөөдөр болсон “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнөөр тус салбарынхан хэлэлцлээ.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад ороход ойролцоогоор 4-5 жил шаардлагатай байна. Энэ хугацаанд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжийн нэг нь эрчим хүчний хэмнэлт байх юм гэдгийг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун зөвлөгөөн дээр онцоллоо.


Хэмнэлтийг эрчим хүчний салбарынхан юуны өмнө өөрсдөөсөө эхэлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм. Тэрбээр, боломж, арга замын хувьд бишгүй байгааг хэлж энд уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ хамгийн орчин үеийн, цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж суурилуулж бодит хэмнэлт хийж буй жишээг дурдлаа.


Айл өрхийн хэрэглэгчдийн хувьд цахилгаан, эрчим хүчээ мөн хэмнэх нь төлбөрөө багасгах, эрчим хүчний горимын ажиллагаанд ч эерэг нөлөөтэйг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун учирлаж байлаа. Хэрэглэгчдийн хувьд одоогийн эрх зүйн хүрээнд үүрэг хүлээж буй гэдгээр цахилгаан, эрчим хүчээ өөрсдөө хэмнэ гэсэн албадлагын чанартай байгааг өөрчлөх шаардлагатай байгааг тэрбээр тодотгосон юм.


Өнөөдрийн зөвлөгөөнөөр мөн эрчим хүчний салбарын үнэ тарифыг хөндөж ярилцав. Төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний өөрийн өртөг нэг квт/цаг нь 242 төгрөг 11 мөнгө байдаг ч үүнийг 175 төгрөгөөр буюу алдагдалтай үнээр борлуулж буй аж. Үүнийг 20 гаруй хувиар нэмснээр өөрийн өртөг нь дунджаар 213 төгрөг болжээ.


Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифын хөнгөлөлтийг энэ онд үргэлжлүүлэхээр улсын төсвөөс 34.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэсэн хэдий ч ХЗДХЯ энэ талын тогтоол, шийдвэрийг өнөөдрийг хүртэл албажуулаагүй байна. Тиймээс хэрэглэгч нар хөнгөлөлтөө эдэлж чадахгүй сар болж байна. Үүнийг ирэх 12 дугаар сарын 10-наас хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдэгдсэн юм.


Өнгөрсөн оны тарифын хөнгөлөлтөөс 3.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүндээ тааруулан шөнийн тарифын хөнгөлөлтийг одоо үзүүлж буй. Үүнээс давахад дахиад өр үүсэх эрсдэлтэй байгааг ЭХЗХ-ны дарга ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун хэллээ.  

Холбоотой мэдээ