“Toyota” компанийн үйлдвэрлэл өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-29 16:35:38

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанийн дэлхий даяарх үйлдвэрлэл 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар, борлуулалт 22.8 хувиар тус тус өссөн талаар тус компани өнөөдөр мэдээллээ.


Тодруулбал, “Toyota” өнгөрсөн сард 771 382 автомашин үйлдвэрлэж, 832 373 тээврийн хэрэгсэл худалдаалснаар сүүлийн гурван сар дараалан өмнөх оны үзүүлэлтүүдийг давсан байна.


Toyota”-гийн дотоодын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеийнхээс 33.7 хувиар өсөж, 203 149-т хүрсэн бол хилийн чанад дахь гарц 19.5 хувиар өссөнөөр 568 373-т хүрчээ. Түүнээс Хятад дахь үйлдвэрлэлийн гарц 18.4 хувиар, Хойд Америкийнх 16.2 хувиар тус тус өссөн байна.  


Үүний зэрэгцээ дотоодын зах зээлийн борлуулалт 34.3 хувиар өссөнөөр 113 723 тээврийн хэрэгсэл худалдаалж, хилийн чанад дахь борлуулалт 21.2 хувиар өсөж, 718 650-д хүрснээс Хойд Америк дахь борлуулалт 26.8 хувиар өсжээ. Ингэснээр хилийн чанад дахь үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 10 дугаар сарын дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна.


COVID-19” цар тахлаас үүдэн нийлүүлэлтийн сүлжээнд саатал тасалдал үүсээд байсан үетэй харьцуулахад нөхцөл байдал сайжирч сэргэж байгааг эдгээр үзүүлэлт харуулж байна. Гэвч хагас дамжуулагч хомсдолтой хэвээр байгаатай холбогдуулан “Toyota” 2022 оны санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн гарцын төлөвлөгөөгөө 9.7 сая байсныг 9.2 саяд хүргэж бууруулжээ. 

Холбоотой мэдээ