Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.3-14.5 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-30 08:52:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 14.5, өмнөх оны эцсийнхээс 10.9, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн байна. 


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх оны эцсийнхэээс 10.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 15.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.3, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.8, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.


Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 10 дугаар сард 10.4 хувь гарсан бол 2022 оны 10 дугаар сард 14.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд 14.5 хувь гарсны 4.3 (29.9 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотод 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлжээ. Инфляц энэ оны 10 дугаар сард 14.5 нэгж хувь гарсны 7.6 (52.6 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны 10 дугаар сард 18.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.5 нэгж хувиар багасаж, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард 7.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 13.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.2 нэгж хувиар нэмэгджээ.


Хүнсний бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард хангайн бүсэд өмнөх оны мөн үеийнхээс 19.6, хүнсний бус бүлгийн үнэ төвийн бүсэд 14.5 хувиар өссөн нь хамгийн их байна. Барааны бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.5 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 4 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард 4.7 хувиар, 2022 оны 10 дугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.6 нэгж хувиар нэмэгджээ. 


Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард 17.9, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 3.9 хувиар багасахад хонь, ямааны махны үнэ дунджаар 6.8, үхрийн махны үнэ 1.8, адууны махны үнэ 0.1 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багасахад хонь, ямааны махны үнэ 7.3, адууны махны үнэ 6.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ