АРХАНГАЙ: Дурангийн 7 төрлийн мэс заслыг шинээр нэвтрүүлэн, хэвшүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бөөр шээсний зам, Эрэгтэйчүүдийн кабинетээр энэ оны 11 сарын байдлаар нийт 913 хүн үзүүлж, тусламж авчээ. Нийт үзлэгийн 101 тохиолдол буюу 11 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, үлдсэн 89 хувь нь өвчний улмаас үзүүлсэн байна. Бөөр, шээсний зам, нөхөн үржихүйн эрхтэнд хорт хавдрын тохиолдол 14 гарчээ.
Эрэгтэйчүүдийн 45-65 настай тохиолдол 35 хувь байгаа бол 65-аас дээш настай 38 хувь, 25-45 настай 12 хувь, 24 хүртэлх насны 15 хувь кабинетээр үзүүлжээ.
Өвчлөлийн хамгийн элбэг тохиолдох түрүү
булчирхайн томрол, түүнээс шалтгаалсан зовуурь хамгийн их буюу 26.9 хувьд нь
тохиолдсон бол түрүү булчирхайн үрэвсэл 8,6 хувьд, бөөр, шээсний замын чулуужих
эмгэг 8.7 хувьд, бөөр шээсний замын халдвар 11.2 хувьд тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, 40 настай эрэгтэйчүүдийн 10 орчим хувь нь, 50 насны эрэгтэйчүүдийн дунд 20 орчим хувь буюу нас ахих тусам эрэгтэйчүүдийн цэвэршилт, тэр дундаа түрүү булчирхайн хоргүй томролт зонхилон тохиолдож байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн кабинетийн бөөр шээсний зам, эрэгтэйчүүдийн мэс заслын эмч Э.Балжинням хэлж байна.
Энэ оны 5 дугаар сард ЭМЯ-ны
дэмжлэг санхүүжилтээр нийт 200 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, багажаар
хангагдаж УНТЭ-ийн Урологи Андрологийн төвийн багтай хамтран бөөр, шээс замын
дурангийн мэс заслыг нэвтрүүлж, түрүү булчирхай, давсаг, дурангийн 7 төрлийн мэс заслыг шинээр нэвтрүүлэн, хэвшүүлээд байна