ЗАВХАН: Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-30 17:19:30

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг хүн амын хүнсний ногооны 30 гаруй хувийг дотоодоосоо хангадаг.

Төмс, хүнсний ногооны хувьд Завхан аймагт анх 10 гаруй өрх “өрхийн тариалан” хэлбэрээр төмс тариалж эхэлсэн. 2012 онд 680 кг төмс хураан авч байсан бол одоо аймгийн хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж газар тариалангийн салбарт ажиллаж байна. Энэ онд 211.8 га-д төмс тариалж 1501 тн төмс, 1966 га-д хүнсний ногоо тариалснаас 1204 тн хүнсний ногоог хураан аваад байна. "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилт 20 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа.

Энэ төлөвлөгөөний хүрээнд хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангадаг болох зорилт тавьж, 1000 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар төлөвлөсөн. Ингэхдээ газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг дэмжих, хөнгөлөлттэй зээлд хамруулах, тоног төхөөрөмж, шинэ үрээр хангах ажлыг жил бүр төлөвлөн ажиллаж байна. Завхан аймгийн улаан хальст саримс нь Монгол Улсын шилдэг 99 брэнд бүтээгдэхүүний нэг. 2013 оноос хойш “Завхан аймгийн улаан саримсны дэд хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн үр дүн гарч байна.


Тухайлбал, өнгөрсөн жилээс газар тариалангийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулж, 24 сумыг бүсчлэн хөгжүүлэхээр зорилт тавьсан. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй хувь хүн, малчин, аж ахуйн нэгжүүдэд техникийн хангамж муу байна. Тиймээс сумдыг бүсчилж техникийн парк байгуулах, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийг 11 суманд олгосон. Цаашдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагаа нэгтгэх бодлого боловсруулан ажиллана.

Түүнчлэн тус аймаг сүүний үйлдвэргүйгээс хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Харин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд санхүүжилт олгосноор сүүний үйлдвэр байгуулах боломжийг бий болгоод буй. Мөн сумдад хүнсний аюулгүй байдлыг хянадаг байцаагчтай болох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр суралцах оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр сургахаар энэ хөтөлбөртөө тусгаад байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ