Францын түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-12-01 14:15:56

ПАРИС. /AFP/. Дэлхийн дулаарлын нөлөөнөөс үүдэн дэлхий даяар агаарын температур нэмэгдэх болоод байгаа энэ үед Францын түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиосон талаар тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэн лхагва гарагт мэдээллээ.


Францад энэ оны 5-10 дугаар сард олон жилийн дунджаас хэт халж, улмаар баруун хойд нутгийн Бретань муж зэрэг бүсүүдэд ойн түймэр дэгдсэн юм. Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, энэ оны 1, 4 дүгээр сараас бусад бүх сар ердийнхөөс дулаахан байжээ. Тус байгууллагын тооцоогоор, 12 дугаар сарын температураас хамааран энэ жилийн дундаж температур цельсийн 14.2-14.6 хэм байх төлөвтэй байна.


Энэ нь 2020 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлт болох 14.07 хэмээс ихээхэн өссөн үзүүлэлт болоод зогсохгүй ийм мэдээллийг бүртгэж эхэлсэн 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 25 хувиар бага, долоодугаар сарынх мөн дунджаас 85 хувиар бага байх тооцоо гарчээ. Францад 1989 онд хамгийн их хуурайшилттай жил тохиож байв.


Дэлхийн хэмжээнд 2022 оны сүүлчээр мэргэжилтнүүдийн төсөөлж байгаачлан дулаан байвал сүүлийн найман жил 2015 оноос өмнөх жилүүдийнхээс илүү халуун байх болно гэж НҮБ мэдээлжээ. Дэлхий 19 дүгээр зууны сүүл үеэс хойш цельсийн 1.1 хэмээр дулаараад байгаагийн тэн хагас орчим нь сүүлийн 30 жилд бүртгэгдсэн гэж Дэлхийн цаг уурын байгууллага 11 дүгээр сард гаргасан тайландаа цохон тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ