АРХАНГАЙ: Хүүхдийн хөгжил, оролцоонд зориулсан санхүүжилт нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм... хэмээн цовоо цолгиун хоолойгоор найрал дууны багачууд аймгийн хүүхдийн V чуулганы үйл ажиллагааг эхлүүллээ.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хүндэт гишүүд, 19 сумын хүүхдийн элч, аймгийн 35572 хүүхдийн төлөөлөл буюу чуулганы төлөөлөгч 110 хүүхдийг оролцуулсан тус чуулган нь улсын хэмжээнд түүчээлэн манлайлж эхэлснийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нээлтийн үеэр онцолж байлаа.
Чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга В.Мөнхбат нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж:
- Төр, хувийн хэвшлийн бүх байгууллагын уялдаа холбооны гол зангилаа нь гэр бүл, хүүхэд, залуучууд. Оролцсон хүүхэд хөгжиж, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг. Хүүхдийн оролцоо, хөгжлийн асуудалд Архангай аймаг эртнээс анхаарч ирсэн аймгуудын нэг. Бид бодлого шийдвэр, үйл ажиллагаагаа аливаа тохиолдлын араас биш урьтаж зохион байгуулах шаардлагатай. Хүүхэд хамгааллын кейс шийдвэрлэлтийг 2023 онд улсын хэмжээнд 95 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байна. Иймээс V чуулганы үр дүн энэхүү ажилд үнэ цэн, хувь нэмрээ оруулах учиртай. ГБХЗХГ-аас хүүхдийн хөгжил оролцоонд хөрөнгө оруулалтыг 2023 оноос нэмэгдүүлж байгаа. Чуулганы нээлт дээрээс та бүхэндээ, танай аймагт хүүхдийн хөгжил, оролцоонд зориулсан санхүүжилт нэмэгдэнэ гэдгийг өөрийн биеэр уламжилж байна" хэмээлээ.
Энэ үеэр хүүхэд хамгааллын 108 утасны талаар мэдээллийг сайжруулах шаардлагатайг мөн онцлов. 108 утсыг нээгээд 8 жил болсон. Энэ хугацаанд 100142 дуудлага ирсний 105 орчим дуудлага нь Архангай аймагт харьяалагдаж байгаа гэв.
Чуулганаар өсвөр нас ба эрүүл мэнд сэдвээр аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Хүүхдийн хөгжих эрхийн хэрэгжилт сэдвээр БШУГ-ын дарга З.Мөнхтогтох, Гэмт хэрэг, зөрчил ба өсвөр насныхан сэдвээр Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж, Хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилт сэдвээр ГБХЗХГ-ын дарга Б.Болормаа нар илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Чуулганы төгсгөлд хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийж, хүүхдийн элч нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.