Хятадын сансрын нисэгчид эх дэлхийдээ эргэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-12-05 12:19:28

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Шэньжөү-14” жолоодлогот сансрын хөлгийн багийн гурван сансрын нисэгч “Тяньгун” сансрын станцад зургаан сарын турш үүрэг гүйцэтгэж, анхны гэх тодотголтой олон даалгаврыг гүйцэтгэснийхээ дараа эх дэлхийдээ ням гарагт эргэн иржээ.


Сансрын нисгэгч Чэнь Дун, Лю Ян, Цай Сюйжэ нарыг тээсэн “Шэньжөү-14” хөлгийн капсул Өвөр Монголын өөртөө засах орны Дунфэн газардах талбайд орон нутгийн цагаар 8:09 цагийн орчимд газардсан гэж Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас мэдээлсэн байна.


"Сансрын нисэгчдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд “Шэньжөү-14” хөлгийн баг бүрэлдэхүүн амжилттай үүргээ гүйцэтгэлээ" гэж тус газрын мэдэгдэлд дурджээ. Тэд капсулаас буух үедээ тайван амгалан харагдаж байсан бөгөөд хүмүүс рүү даллан мэндчилж байжээ.


“Миний бие улсынхаа сансрын станцыг бүтээн байгуулахад гар бие оролцсондоо баяртай байна. Улс орноороо бахархаж байна” гэж тойрог замд 200 гаруй хоног ажилласан Хятадын анхны сансрын нисэгч болсон Чэнь Дун хэлжээ. Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Яны хувьд, сансрын станцад мартагдашгүй дурсамж бүтээснээ дурсаад, эх орондоо эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн байна.


Энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр сансрын станцад очсон сансрын нисэгчид үндсэн модульд лабораторийн модулиуд болон жолоодлогот хөлгүүд залгагдах үйл явцыг хянаж, задгай сансарт гурван удаа гарч, шинжлэх ухааны илтгэл тавьж, шинжлэх ухаан, технологийн хэд хэдэн туршилтыг хийжээ. 

Холбоотой мэдээ