“Дата эрх чөлөө: Дижитал хяналт” иргэний байгууллагуудын мэдээлэл дээр тулгуурлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дата эрх чөлөө: Дижитал хяналт-2022” үзэсгэлэнг “Бодлогод залуусын хяналт”, “Тунгаахуй” зэрэг ТББ Нээлттэй нийгэм форум болон АТГ-тай хамтран “BlueMon” төвийн “Norphei Art” галерейд өнөөдөр нээв.
Үзэсгэлэнг “Бодлогод
залуусын хяналт” ТББ-ын зөвлөх Ц.Мандхайхатан нээж хэлэхдээ, "Бид нийгмийн
тулгамдсан сэдэв, асуудлыг ялангуяа улстөрийн намуудын дотоод ардчилал хэр
хөгжиж буй зэргийг дата байдлаар олон нийтэд гаргаж ирэхийг хичээсэн" гэв. Ингэснээр
цааш цаашид холбогдох хууль тогтоомж, эрхзүйг боловсронгуй болгоход иргэдийн
санал бодол, дуу хоолойг сонсох зорилготой юм гэв.
Дата мэдээллийн өгөгдлийн
үзэсгэлэнг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Тунгаахуй” ТББ-ын үүсгэн
байгуулагч Э.Тунгалаг, “Бид мэдээллийн өгөгдлийг дүрслэл дээр
суурилан дизайн, графикаар үзүүлж байна. Энэ нь энгийн иргэдэд ойлгомтой, илүү
олон хүнд хүргэхийг зорьж буй" гэв. Өгөгдлийн сэдвийг засаглал руу чиглүүлж
мониторинг хийн харьцуулсан байдлаар гаргасан байна. Тодруулбал, өмнөх улс төрийн
сонгуулиудын зардал, ХМХ-ийн оролцоо, нийтийн тээврийн хүртээмж зэрэг нийгэм-улс төрийн
сэдвийг түлхүү хөнджээ.
Үүний тулд мөн судалгаа
хийснээ тодотгов. Судалгаагаа яаж гаргадаг талаар тодруулахад, ихэвчлэн судлаачдын
гаргасан болон иргэний нийгмийн байгууллагуудын нээлттэй мэдээлэл дээр тулгуурлан
түлхүү хамтран ажилладаг гэсэн хариу өглөө. Үүнээс үзэхэд холбогдох төр,
засгийн байгууллагуудаас илүү нарийн, тодорхой баримт мэдээлэл авах, харилцан
ажиллах тал дээр дутмаг байгаа аж.
Үүнийг “Нийтийн
мэдээллийн ил тод байдлын тухай хууль”
зэрэг хууль эрх зүйн хэрэгжилттэй холбон тайлбарлаж байна. Шинээр гарч буй
холбогдох хуулийн дагуу төрийн байгууллагууд өөрт байгаа нийтийн
мэдээллийг нийтийн өгөгдөл болгон нийтлэх буюу ил тод болгох үүргийг хүлээснийг тэрбээр тодотгож, бодит байдалд хууль
тогтоомжийн дагуу иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байна гэв.
Тиймээс үзэсгэлэнг зохион байгуулагч ТББ-ууд өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлан, мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэхэд иргэдээс тавих хяналтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна гэв. Нээлттэй өгөгдлүүд хэр бодитой байгааг шалгах, ер нь эдгээр датанууд юуг өгүүлээд буйг гаргаж тодруулахыг хичээснээ хэлж байв.
Үзэсгэлэн энэ 7 хоногийн турш үргэлжлэн гарна.