АРХАНГАЙ: Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 75 орчим хувь нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-06 16:34:08

Архангай /МОНЦАМЭ/. Эрэгтэйчүүдийн цэвэршилт, тэр дундаа түрүү булчирхайн хоргүй томролт оношлогдсон орон нутгийн 40-90 насны 484 тохиолдол дээр сэтгэцийн тулгамдсан асуудал, амьдралын чанарыг нь тодорхойлох судалгааны дүнгийн талаар Э.Балжинням эмч тайлбар хийв.

40 настай эрэгтэйчүүдийн 10 орчим хувь нь, 50 насны эрэгтэйчүүдийн 20 орчим хувьд нь буюу нас ахих тусам эрэгтэйчүүдийн цэвэршилт, тэр дундаа түрүү бүлчирхайн хоргүй томролт нэлээд тохиолддож байна.

Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 75 орчим хувь нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай. Тэдний 51 орчим хувь нь сэтгэл түгшлийн хямралтай. 42 орчим хувь нь сэтгэл гутралын шинж тэмдэгтэй. 24 орчим хувь нь сэтгэл түгшил болон сэтгэл гутрал хавсарсан гэх өндөр үзүүлэлт гарчээ.

Мөн судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 68 хувь нь нойрны ямар нэгэн хямралтай. Тэдгээрийн 22 орчим хувь нь нойрны гүн хямралтай ба нойрны байнгын эмийн хэрэглээтэй байж.

Амьдралын чанарын хувьд 50-иас дээш хувь нь өөрийн хийж бүтээж байгаа үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун бус, 68 орчим хувь нь бэлгийн үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун бус, Эрүүл мэндийн тусгайлсан тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун бус, 84 орчим хувь нь бидэнд тийм үйлчилгээ ор дутмаг гэсэн хариултыг өгсөн байна.

Э.Балжинням эмч дүгнэхдээ эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь маш өндөр хувьтай, нойрны ямар нэгэн хямралтай, амьдралын чанарын зарим нэг үзүүлэлт буурсан гэжээ.

Энэ судалгаанаас үндэслэн орон нутгийнхаа хэмжээнд судалгааны загварчлалыг гаргахыг зорьж байгаа ба эрэгтэйчүүдийн оношилгоо эмчилгээнд түлхүү анхаарахаас гадна тэдний зан үйл, дадал хэвшилд нь нөлөлөөх арга барилыг нутаг орондоо боловсруулан хэвшүүлэхийг зорьж байна. 

Холбоотой мэдээ