ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-09 08:29:07

Төв /МОНЦАМЭ/ “Бидний бахархал” төсөл улс орон даяар хэрэгжиж Төв аймгийн Зуунмод хотод нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.

Төслийн нээлтийн ажиллагааны хүрээнд Политехникийн коллеж болон Ерөнхий боловсролын сургуулийн 650 оюутан, сурагч, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч 100 нийт 800 гаруй иргэн оролцлоо. Энэхүү төслийг 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Батсүмбэр, Жаргалант, Борнуур суманд төлөвлөгөөний дагуу зохион явуулахаар ажиллаж байна.



Хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэн, ахмад үеийн дайчин уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, эх орон газар нутгаа хайрлан хамгаалах нь бидний үүрэг гэдгийг ойлгуулсан ажил боллоо гэдгийг онцолж байв.  

Аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат нээж үг хэлэх дээ “Бидний бахархал” төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, оюутан залууст эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёл, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах юм. Төслийн үр дүнд бид улс орны хөгжилд, хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлж энэхүү үзлийг үеийн үед уламжлуулан өвлүүлсээр байх болно гэж найдаж байгаа. Иймд энэхүү төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ үлгэр жишээ иргэн болоорой хэмээн хүсэж байна” гэлээ.



"Бидний бахархал” төслийн үйл ажиллагаанд “Монгол хурандаа” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, доктор профессор хурандаа Д.Баярхүү “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвээр, "Залуучуудын эх оронч үзэл, ахмад үеийн дайчин уламжлал" сэдвээр доктор, хурандаа Ж.Энхбаяр илтгэл, мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор зэвсэг галт хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг дэлгэж, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, аймгийн Онцгой байдлын газар үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа.



"Бидний бахархал" төслийн үйл ажиллагааны төгсгөлд Зэвсэгт хүчний 016 нэгтгэл, Онцгой байдлын газар, Монгол туургатан театрын хамтарсан уран бүтээлийн тоглолт боллоо.

Уг үйл ажиллагааг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Монгол хурандаа нийгэмлэг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, аймгийн Онцгой байдлын газар, Монгол туургатан театр, Зуунмод сумын ЗДТГ, Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулжээ.   

Холбоотой мэдээ