Хятадын технологийн 30 гаруй компани хоригт орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-12-15 09:36:26

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Санах ойн чип үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “YMTC” зэрэг Хятадын технологийн 30 гаруй компанид АНУ-ын эрх баригчид энэ долоо хоногт хориг тогтооно гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 


Хар жагсаалтад орно гэдэг нь ханган нийлүүлэгчид АНУ-ын Худалдааны яамнаас олгодог экспортын тусгай зөвшөөрлийг аваагүй л бол Америкийн хагас дамжуулагч, микро схем үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдаж авах хориотой гэсэн үг юм. АНУ-ын засаг захиргаа ийм алхам хийх гэж байгаа нь технологийн салбар дахь Хятад-Америкийн сөргөлдөөн даамжирсныг харуулж байна гэж “Bloomberg” онцолсон байна. 


Өнгөрөгч 10 дугаар сард Хятадын технологийн 28 компани дэлхийн өнцөг булан бүрд Америкийн технологиор үйлдвэрлэсэн хагас дамжуулагч чипийг ашиглах боломжоо хязгаарлуулсан байна. Үүнээс гадна, АНУ-ын Худалдааны яам “YMTC”-ыг оруулаад БНХАУ-ын 31 байгууллагыг шалгахад бэрхшээлтэй импортлогчид (Unverified List, UVL) гэдэг нэртэй жагсаалтдаа оруулжээ. Эдгээр компани үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулаагүй гэдгийг 60 хоногийн дотор нотлох ёстой байсан аж. 


Вашингтоны үүрэг бол Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах биш, харин цэргийн чадавхаа хөгжүүлэхэд Америкийн технологийг ашиглахыг зөвшөөрөхгүй байх явдал юм гэж АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо мэдэгджээ. 


Харин Бээжин мэдэгдэхдээ, АНУ хөгжиж буй эдийн засгийн хөгжлийг хязгаарлах, боомилохын тулд технологийн ноёрхлоо ашиглаж байгаа бөгөөд Вашингтоны шинжлэх ухаан, технологийн ноёрхол нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээг тасалдуулж болзошгүй гэсэн байна. 

Холбоотой мэдээ