ЗАВХАН: Эрүүл мэндийн шинэ программ үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-15 17:13:49

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь 14135 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Энэ онд 1279 удаагийн дуудлага гүйцэтгэж, 521 хүнийг хэвтүүлэн эмчилсэн байна. Харин 1203 иргэнийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулжээ. Тус эмнэлэг нь энэ онд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд анхаарч, мобайл технологи болон монпен төслүүдийн үйл ажиллагааг идэвхтэй явуулсан.

Төслөөр ирсэн техник, тоног төхөөрөмжүүдийг хэвийн ашиглаж байгаа нь оношилгоо эмчилгээнд чухал ач холбогдол өгч байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Ehospital программыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь энэ оны онцлох ажлын нэг болсон. 

Энэ нь эмнэлгийн цахим мэдээллийн урсгалыг шинээр нэвтрүүлсэн төдийгүй, нэг урсгалд бүртгэх боломжийг бүрдүүлсэн. Учир нь өмнө нь эрүүл мэндийн байгууллага, хувь хүн бүгд өөр өөр системийг ашигладаг байсан. Эдгээр байгууллага хувь хүн бүгд энэ платформд хамрагдаж мэдээллээ солилцох, тусламж үйлчилгээний чанарын асуудлаа солилцох боломж бүрдэж цаг хугацааг хэмнэж байгаа.

Өмнө нь хөдөө орон нутгаас нийслэл рүү бичгээр албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа олон бэрхшээлтэй тулгарч байсан бол одоо нэгдсэн нэг системтэй болж, эрүүл мэндийн ажилчид интернэттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж бас хүлээж авах боломж нөхцөл бүрдсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулснаар, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлж байгаа нь сайшаалтай.




Орон нутгийн хөгжлийн сангаас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийв

Их-Уул сумын эрүүл мэндийн төв нь энэ онд хэвтэн эмчлүүлэх хэсэгт 7.2 сая төгрөгөөр урсгал засвар хийж, хэвтэн эмчлүүлэгч, ажилчдын ажиллах, үйлчлүүлэх таатай орчныг бүрдүүлжээ.

Мөн магадлан итгэмжлэлд орж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэх зөвшөөрлийг хоёр жилээр авсан байгаа. Сумын ЗДТГ–аас ковидын үеийн хандивын үлдэгдэл хөрөнгөөр, эрүүл мэндийн төвд нэн хэрэгцээ шаардлагатай хэвтэн эмчлүүлэгчдийн 15 орны иж бүрдэл, ус цэвэршүүлэгч, эмч, сувилагч нарын сандал, ширээ гэх мэт зүйлсээр хангаад байна. Учир нь манай сум аймагтаа хүн амын тоогоороо хоёрт жагсдаг. Олон хүн амтай, багуудын малчдын хувьд тархан суурьшсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал өндөр, хүн амын, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хэвтэн эмчлүүлэх тав тух, орны хүрэлцээ хангамж муу байсан. Дээрх урсгал засвар, шинэчлэлтийг хийснээр хүн амын хэвтэн эмчлүүлэх боломж нөхцөлийг сайжруулсан бодит хөрөнгө оруулалт болсон. 

Мөн энэ онд, төрөхийн хоёр ширхэг ор, сумын Зарт багийн эмчийг унаажуулж, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хоёр автомашины дулаан гараашийг барьж, ашиглалтад орууллаа гэж Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ