Хөдөө, аж ахуйн дроныг хүнсний ногооны салбарт нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-12-20 15:04:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Хөдөө аж ахуйн дрон нийлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Японы ЭСЯ-нд өнөөдөр боллоо.


Төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны ТУЗ-ын дарга Г.Даваадорж нар гарын үсэг зурав.


Төслийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд өндөр нарийвчлалтай зураг авах болон ургамал хамгааллын бодис цацах хөдөө аж ахуйн дронуудыг нийлүүлэх юм.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, “Япон Улсын Засгийн газар  болон  Монгол Улсад суугаа ЭСЯ “Өвсний үндэс” буцалтгүй туусламжийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын төслийг дэмжин ирсэн билээ. Миний бие гурван жилийн өмнө Монгол Улсад Элчин сайдаар ажиллахаар томилогдон ирснээс хойш Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шинэ төслийг дэмжих нь зүйтэй хэмээн холбогдох газраас ирсэн хүсэлтийг үндэслэн бэлтгэл ажлыг хангасаар ирсэн. Үүний үр дүнд НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төслийг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Уг төсөл хэрэгжүүлэх гурван аймгийн 3500 га орчим өргөн уудам тариалангийн талбайд хортон шавжийн улмаас ургацын хэмжээ буурах гэх мэт асуудал тулгарч, эдгээр асуудлыг оновчтой, үр ашигтай шийдвэрлэх менежмент шаардлагатай байна. Иймд энэ удаагийн тусламжаар нийлүүлэх хөдөө аж ахуйн дроныг ашигласнаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж, улмаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй юм” гэв.


НҮБ-ын ХХААБ-аас гаргасан мэдээллийн дагуу жил бүр хортон шавжаас үүдэн дэлхийн хэмжээнд ургац 20-40 хувиар буурдаг. Монгол Улсын хувьд үр тарианы ургацын 2.6-10.7 хувь, төмс хүнсний ногооны 13-30 хуувь, бэлчээрийн 19-40 хувь нь хортон шавжид өртөн алдагдаж байгаа нь импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд ноцтой асуудал юм.


НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэхдээ, “Дрон нь нотолгоонд суурилсан төлөвлөлтийг дэмжих, орон зайн мэдээлэл цуглуулах чиглэлээр хөдөө аж ахуйд асар их нөөц боломжийг бий болгож байна. Энэхүү төслийг дэмжсэн Японы Засгийн газарт талархал илэрхийлж, уг хамтын ажиллагаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих бодлого, шийдвэрийг цаашид улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Төслийн хүрээнд нийлүүлж буй нэг дрон нь газар тариалангийн ургамал хамгааллын бодис цацагч, нөгөө нь сансраас зураг авах, зургийг боловсруулах хоёр төрлийн дөрвөн иж бүрдэл, нийт 230 мянган ам. долларын өртөгтэй техник хэрэгсэл юм. Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хүнсний ногоо тариалдаг гол бүс нутагт ашиглана. 2000-3000 орчим ногоочдын аж ахуйд эдгээр техникийг хэрэглэх боломжтой. Энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай болж байна. Энэ хүрээнд техник нийлүүлж буй Япон Улсын компанийн мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэй техникүүдийг ашиглах мэргэжилтнийг бэлтгэх чиглэлээр сургалт хийнэ” гэв.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 587 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 226,200 ам.доллар (771,342,000 орчим төгрөг) юм.  



“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг. 


 

Холбоотой мэдээ