Сингапурт "зика"-гийн халдвар авсан 41 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-08-29 09:56:59

СИНГАПУР. /ВВС/. Манай улсад “зика” вирусийн  халдвар авсан 41 тохиолдол бүртгэгдсэн гэж Сингапурын ЭМЯ мэдэгдлээ.

Тус яамны мэдэгдэлд “өвчтнүүд “зика” тархсан улс орнуудад очиж байгаагүйгээс үзэхэд  дотоодоосоо халдвар авсан байх магадлалтай байна” гэжээ.

Халдвар авсан 41 өвчтний 34 нь бүрэн эдгэрсэн бол үлдсэн 7 нь гоц халдварт өвчин судлалын Тан Ток Сенг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Мөн халдвар авсан хүмүүсийн 36 нь тус хот улсад ажиллаж байсан барилгачид ажээ.

Сингапурт энэ оны тавдугаар сард “зика”-гийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Бразил руу явсан залуу “зика”-гийн халдвар авсан байсан билээ.

“Зика” вирус нь 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ. Энэ вирус нь өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Зүүн Өмнөд Азид, үүний дотор Индонези, Таиланд болон Филиппинд “зика”-гийн халдварыг дотоодоосоо авсан тохиолдлууд бүртгэгдээд байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ