ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ: Д.Гэрэлгуа: Уул уурхайн компаниуд нээлттэй болоход хяналт, стандарт дутагдаж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-21 14:44:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний олборлолт, тээвэр, экспорттой холбоотой УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд төлөвлөснөөс хожуу эхэлсэн юм. Тус сонсголд бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийн төлөвлөснөөр ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүд, хууль, мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн төлөөлөл 300 хүн бүртгүүлэн оролцож байна.




Үүнээс 30 гаруй иргэн санал хэлэх хүсэлтээ гаргажээ. Нээлттэй сонсголын хөтөлбөрт тусгаснаар байгууллагуудын хүмүүс илтгэл тавихаар байсныг Ажлын хэсэг тухайн илтгэлүүдийг 10 минутаас хэтрэхгүй байхаар, аль болох иргэд, ТББ-ын төлөөллийн үгийг сонсох хэлбэрээр зохицуулаад байна. Мөн холбогдох байгууллага, ААН-ийн гэсэн олон талын төлөөллийн үг, байр суурь, саналыг сонсохоор бэлтгэжээ. Хяналтын сонсголд оролцож буй мэргэжлийн зарим хүний саналыг сонссоныг хүргэж байна.  


Д.Гэрэлгуа: Геологийн инженерийн ажлыг маркшейдер инженер хийдэггүй


Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, маркшейдер Д.Гэрэлгуа хэлэхдээ:

-Би эрдэс баялаг, уул уурхайн салбарт 32 жил ажиллаж байна. Залуучуудын жагсаалын хувьд 12 дугаар сарын 4-нөөс эхлэн ажиглан дэмжиж, өнөөдөр сонсголд мэргэжлийн хүний хувьд оролцож байна. Аливаа салбарт гарах эрсдлийг тооцоолох учиртай. Би мэргэжлээрээ НМХГ-т улсын байцаагч хийж байсны хувьд мөн хэлэх зүйл байгаа тул оролцож байна. Манай эрдэс баялаг, уул уурхайн салбарт олон улсын стандартыг ерөөс хэрэгжүүлж ирээгүй, мөн байгалийн баялгийн олборлолтод хяналт, тэр дундаа мэргэжлийн хяналт байхгүй явж ирсэн.


Уул уурхайн салбарт хууль дүрэм, стандараа барьж, хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ганц жишээ хэлэхэд, Олборлох салбарын (үйлдвэрлэлийн) ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлд мэргэжлийн болон хөндлөнгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох хүмүүсийг оролцуулж, үндсэн чиг үүргээрээ ажиллах хэрэгтэй байна. Нүдний эмч шүдний эмч хийдэггүйтэй адил мэргэжлийн хүмүүсийг нь салбартаа ажиллуулья. Уул уурхай, эрдэс баялгийн салбар бол геологийн инженерийн ажлыг маркшейдер инженер хийдэггүй, тийм л нарийн салбар юм. Гэтэл өнөөдрийн сонсгол дээр бэлдсэн зарим илтгэлд маркшейдер инженер хэмжээгүй ирсэн юмыг одоо түүнийг хэмжиж хийсэнд тооцох нь буруу, бид үүний араас явах учиртай.



Уул уурхайн компаниуд олон нийтийн, нээлттэй болоход олон улсын стандартыг хэрэгжүүлээгүй ирсэн нь саад болж байна.


Уг нь Олборлох салбарын ил тод байдлын санаачилга чинь өөрөө олон улсын стандарттай, түүнийгээ мөрдөж хэрэгжүүлдэг байдаг. Ингээгүй явж ирсэн нь өнөөдрийн нүүрсний асуудал үүсээд буй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж болно гэв.


Тэрбээр мөн манай улсад 2014 оноос эрдэс баялгийн ордуудын нөөц, бусад үйл ажиллагааг тооцоолон боддог, уул уурхайн олон улсын ЖОРК стандартыг мөрдөж буй ч хангалттай хэрэгжихгүй байна. Үүнээс болоод уул уурхайн компаниуд IPO хийж, олон нийтийн нээлттэй болоход хүндрэл учирч буйг хэлж байв.


Математикч, эдийн засагч, ахмад настан Ж.Сандуйжав:

-Би нүүрсний асуудалтай холбоотой алдагдсан боломжийн талаар, ялангуяа төмөр замын салбартай холбоотойгоор байр суурь, саналаа хэлэхээр сонсголд оролцож байна. Энэ талаар Монголын “Төмөр замын нийгэмлэг” хэмээн холбоонд хүсэлт тавин холбогдох бодит мэдээлэл, материалыг авсан. Манай улс уул уурхай, аж үйлдвэрийн чиглэлээр урд болон зүүн бүсдээ төмөр зам тавьж нүүрсээ БНХАУ-аар дамжуулан дэлхийн зах зээлд гаргая, Номхон далай хүртэл, Япон, БНСУ руу  гаргах талаар салбарын мэргэжилтэн, инженерүүд, төмөр замчид ярьж бүтээн байгуулалтаа хийе хэмээн “Монголын Төмөр замын холбоо”-ны тэргүүн агсан н.Сүрэнхорлоо олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Гэвч улс төр, салбарын олон шалтгаанаар энэ бодлого хэрэгжиж ирээгүй, өнөөдрийн сонсгол дээр манай улс уул уурхайн салбарт хичнээн хэмжээний мөнгө алдсан, алдагдсан боломж одоо зогссон уу, үргэлжилж байна уу гэсэн асуултыг тавьж, хэрэв үргэлжилж байгаа бол таслан зогсоох хэрэгтэй байна гэв.


Тэрбээр Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан УБТЗ ХНН-ийн төмөр замын хэлэлцээрийг эргэн харж, уг хэлэлцээрт өмнө нь тохиролцон тусгасан төмөр замын ачаа тээврийн хуучин 25 хувийн хөнгөлөлтийг 65 хүртэл нэмэгдүүлэх, квотыг харилцан адил хэмжээ бүхий түвшинд, тэнцвэртэй хэрэгжүүлэх саналыг хэллээ. Ингэснээр манай улсын нүүрсний тээвэр төмөр замаар өргөжих учиртай гэв.

Холбоотой мэдээ