Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд болох Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэгч панелистууд уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-28 11:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын хүрээнд УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран ирэх сарын 4-нд Төрийн ордонд зохион байгуулах “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд илтгэгч, панелистаар оролцох эрдэмтэн, судлаачид өнөөдөр уулзалт хийлээ.


Эрдэм шинжилгээний бага хурлаар “Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд”, “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл”, “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт”, “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, салбар болон, нэгдсэн хуралдаан болох юм. Өнөөдрийн уулзалтын үеэр УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Эрдэм шинжилгээний бага хурлаар дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, үр дүнд нь нийгмийн бухимдлын шалтгааныг зөв оношлон тодорхойлж, Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн замын зөв зургийг гаргаж ирэхэд эрдэмтэн, судлаачид та бүхний мэдлэг, хүч их хувь нэмэр болно гэдгийг УИХ-ын даргын нэрийн өмнөөс хэлье” хэмээн тэмдэглэв.


Уулзалтад эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлэх, салбар хуралдааныг удирдах панелист зэрэг эрдэмтэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын Зөвлөлдөх санал асуулгад модератороор ажиллах ажилтнууд оролцлоо.


Холбоотой мэдээ