УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-30 16:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай


Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулсан билээ. Гэвч энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байна. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа маш ноцтой ашиг сонирхлын зөрчил юм.


Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буураад байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж хууль санаачлагч танилцуулав.


Тэрбээр, хуулийн төсөлд Төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтанд хамрагдахь эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглох талаар шинээр тусгана.


Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж үзжээ. Үүнд,


-Төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ;

-Иргэд, бизнесийн байгууллагын төр, төрийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлнэ;

-Хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчинд ахиц дэвшил гарна;

-Авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


 Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухай


Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах  /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж /СМП-50 модуль/-аар оруулж нэмэлт бүтээгдэхүүн, тогтворжуулагч, цетан өсгөгч, шингээгчид суурилсан хүхэргүйжүүлэх дамжлагаар дамжин боловсруулалт хийгдсэнээр 60 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 30 орчим хувийг бүрдүүлсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж байна.  


Дотоодод үйлдвэрлэсэн түлшийг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулсан  дүгнэлтийг үндэслэн чанарын зохих шаардлага хангасан тохиолдолд зах зээлд нийлүүлдэг байна. Улмаар борлуулалтын дийлэнхийг уул уурхай, газар тариалан, барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг 38 харилцагч аж ахуйн нэгжид бөөний үнээр 60-120 хоногийн барьцаагүй эргэн төлөлтийн нөхцөлөөр нийлүүлж,  борлуулалтын орлогоос ашгийн татварыг төлж байна.  Сүүлийн 3 жилд  энэ аргаар зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүнийг жижиглэнгээр  буюу шатахуун түгээх газруудад борлуулдаггүй байна. Энэ хугацаанд  харилцагч аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн түлшний үнэтэй харьцуулахад 31,6 тэрбумын үнийн зөрүүний хэмнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдэд ийнхүү онцгой татвар ногдуулснаар үйлдвэрлэлийн зардал өсөж, гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ нь  импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр болгож, үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарлаж байна.


Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний хувьд Оросын Холбооны Улсаас бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар  бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафта-д  онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд газрын тосны үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэнэ гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ