Гурав дахь эзэмшлийн орон сууцанд Үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-02 11:41:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татвартай холбоотойгоор энэ оны эхний өдрөөс хоёр хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлж байна. Энэ нь Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам юм. 


ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөлсний орлого дээр татварын шатлал тогтоосныг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал дуулгаж байна. Тэрбээр, ХХОАТ-т 6 төрлийн орлого байдгийг тодотголоо. Үүнд:

  • Цалин, хөдөлмөрийн хөлсний орлого,
  • Үйл ажиллагааны орлого,
  • Хөрөнгийн орлого,
  • Хөрөнгөө борлуулсны орлого,
  • Шууд бус орлого,
  • Бусад орлого ордог байна.

Эдгээр орлогыг иргэд жилийн эцэст татварын байгууллагад нэг удаа тайлагнадаг. Зарим орлогыг тухайн орлогыг олгож буй байгууллага суутгаж төлөх үүрэгтэй. Одоо нэмэгдэж буй татварын шатлал нь цаад байгууллага нь суутгадаг үүрэгтэй орлого дээр нэмэгджээ. Тодруулбал, ажил олгогчоос ажилтанд олгож буй цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого сарын 10 сая төгрөг хүртэл байвал хууль хуучин хэвээр үйлчилж, түүнээс дээш орлоготой буюу 10-15 сая төгрөг байвал 15 хувь, 15 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой байвал 20 хувь байх татварын шатлал 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.


Бусад, худалдаа, арилжаа хийдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын хувьд орлогоо өөрөө тодорхойлоод, тухайн орлого олоход гарсан зардлаа тооцон хасаж, үлдэх татвар ногдох орлогоо тайлагнан татвараа төлдөг хувь хэмжээ, хууль хэвээрээ үйлчилж байгаа гэв.


Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, иргэдийн дансанд орж буй орлогоос татвар авахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тодруулбал, иргэдийн дансанд орж буй орлого 10 сая төгрөгөөс дээш бол татвар авч, татварын шаталсан хэмжээ үйлчилнэ гэдэг нь буруу, ташаа ойлголт бүхий ор үндэсгүй яриа гэдгийг онцлон дурдсан юм. Ер нь иргэд, ААН, байгууллагуудын банк хоорондын гүйлгээнээс татвар авдаг ямар ч улс орон байхгүй. Манай улс ч ингэж авах боломжгүй гэдгийг хэлсэн юм.


Татварын хуулийн хоёр дахь өөрчлөлт нь: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай шинэчилсэн хууль юм. Үүгээр гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд гурав дахь орон сууцанд 0.6-1 хувийн албан татвар төлөх юм. Хэдийгээр уг өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн ч иргэд үл хөдлөх хөрөнгийн татвараа 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор, жилд нэг удаа төлөх үүрэг хүлээж буйг Татварын ерөнхий газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаа тодруулж байна. Хуулийн этгээд тавтараа улирал тутамд буюу дөрөв хувааж төлнө. 


Тэрбээр, дээрх хуулийн журмыг 2022 оны 10 дугаар сард батлан гаргаад буйг хэллээ. “Журмаар насанд хүрээгүй хүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хамтран өмчлөгчтэй байвал яах вэ гэсэн тусгайлсан харилцааг тодорхойлон гаргасан. Монгол Улсын иргэн бүр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Тиймээс энд насанд хүрээгүй хүүхэд гэсэн насны хязгаар заагаагүй” гэдгийг тодотголоо.


Иргэд 3 дахь орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн татвараа төлөх мэдэгдлийг e-barimt цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан өгнө. Ингэснээр тухайн хөрөнгийн үнэлгээ болон ногдох татварын хэмжээг цахим системээс авах боломжтой аж. Үл хөдлөх хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй бол чөлөөлөлт болон татвар ногдуулалтыг хувь тэнцүүлэх буюу хамтран өмчлөгч нарын тоонд хуваасан байдлаар төлөхөөр хуульд тусгажээ.

Холбоотой мэдээ