МАН: Бүтээн байгуулалтын төслүүдийн гэрээг УИХ-аар шийддэг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-02 15:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт цаг үеийн асуудал, хоёрдугаарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 


Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эхний асуудлын хүрээнд үнийн өсөлт, нүүрсний хэрэг зэрэг асуудлыг хэлэлцсэн. Нүүрсний гэгдэх хэрэг дээр МАН манлайлан ажиллах ёстой гэж бүлгийн түвшинд үзлээ. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж, хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар тогтсон. Мөн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн гэрээг УИХ-аар шууд хэлэлцэн шийдвэрлэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна. Үүний зэрэгцээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, бүлэг ерөнхийд нь дэмжлээ” гэлээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн үед иргэдийн зүгээс шударга ёс тогтоох, ард иргэдэд тэгш боломж олгох шаардлагыг удаа дараа тавих болсон. Авлига, хүнд суртал, ашиг сонирхол үүсгэж буй байдлыг нэг мөр таслан зогсоох тал дээр УИХ, Засгийн газрын зүгээс хууль, эрх орчны судалгааг хийж, цогц арга хэмжээ авч ажиллах нь бидний үүрэг юм. Дээр хэлсэнчлэн нүүрсний шууд гэрээ байгуулах эрхийг УИХ-д шилжүүлэх ёстой гэж үзсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмж тусгах саналаа ажлын хэсгийнхний зүгээс танилцууллаа.


Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгч нар, ХЭҮК, Төрийн албаны зөвлөлийн гишүүд, нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга зэрэг албан тушаалтнууд төрөөс худалдан авахтай холбоотой үйл ажиллагаанд оролцохгүй байх хязгаарлалтыг хуульд нэмэлтээр тусгахаар болсон. Гол хязгаарлалт нь Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын гишүүд, Дэд сайд зэрэг улс төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс нээлттэй болон хаалттай зарлагдаж буй худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн үг. Тэдгээрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр, хүүхэд, хамтран амьдарч буй хүмүүс төрийн захиргааны болон төрийн өмчийн байгууллагуудад шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй гэсэн агуулгыг хуульд тусгана" гэв.


Холбоотой мэдээ