“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-02 16:09:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг “Отгонтэнгэр” их сургууль, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.


“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” сэдвийн дор зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 48 баг оролцоно. Тэмцээний бүртгэл маргааш дуусах ба аваргын төлөөх тоглолт энэ сарын 9-нд Төрийн ордонд болох юм. Одоогоос 31 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.


Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан. 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр буюу нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ