ГХЯ: Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг ням гаргийн 8 цагт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-04 15:53:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын-Үүд-Эрээний авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн энэ сарын 8-ны ням гарагийн 08:00 цагт нээгдэхтэй холбогдуулж, ГХЯ-наас олон нийтэд хандаж мэдээлэл өглөө. 

ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ Ковид-19 цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хуурай замын хилийн боомтоор олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээ мэдэгдсэн. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд зогсоод байсан Монгол, Хятадын хооронд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг сэргээх боломжийг олгож, хоёр талын холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ.

Үүнтэй холбогдуулж зорчигч тээврийн хувьд БНХАУ-д зорчих иргэдийг Хятадын талаас доорх нөхцөлийг үндэслэн нэвтрүүлнэ. Үүнд:

-Зорчихоосоо 48 цагийн өмнө ковидын ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх ёстой. ПСР шинжилгээний хариу эерэг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй.


-Хятадын гаалийн аппликэйшнийг ухаалаг утсаараа англи, хятад хэлээр эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр урьдчилан бөглөсөн байна. Эхний үед 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлэх ба цаашид иргэдийн тоог 500, 1000 гэх мэтээр нэмэгдүүлнэ.

Эрээн хотод зорчих иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын нэрс, үнийн саналыг хятадын талаас өгсөн. Түүнчлэн нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд тоог цаашид нэмэгдүүлнэ. Тээврийн хэрэгслийн хувьд хятад талын түншээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын гаальд урьдчилан бүртгүүлж, Худалдааны товчооноос баталгаа гаргуулсан байх юм.

Тээврийн хэрэгсэлд тавигдах цаад талын тээврийн хэрэгслийн стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулж хэлэхэд хуучин загварын УАЗ469 автомашиныг техникийн болон зорчигч тээврийн аюулгүй байдал, Хятадын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй гэж үзсэн. Тиймээс хил хооронд нэвтрүүлэхгүй.

БНХАУ-аас Монгол Улс руу зорчих иргэдийн хувьд манай улсад эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын дагуу нэвтрүүлнэ. Гадаад улсаас Монгол Улсад зорчиж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумжийг бөглөж нэвтрэх болно. Ачаа тээврийн хувьд эхний үед монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бэлтгэж буй. Тээврийн хэрэгслийн тоог аажмаар нэмэгдүүлнэ. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх үетэй адил байдлаар хятадын талд орж ачааг чингэлэгтэй болон задгайгаар ачиж болно. Тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байх бөгөөд Хятад Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачааг хэтрүүлэн ачихыг хориглох, зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс гарахдаа заагдсан хэмжээнд ачихыг зөвшөөрнө.

Тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан Хятадын гаалийн байгууллагад бүртгүүлсэн байх ба ингэснээр хилээр нэвтрүүлэх цаг хэмнэгдэнэ. Цаашид өдөрт хилээр нэвтрэх ачааны машины тоог нэмэгдүүлэх боломжтой ба Хятадын талын олон улсын тээврийн эрхтэй 30 ачааны тээврийн хэрэгсэл хилийн тээвэрт мөн оролцоно" гэлээ. 

Холбоотой мэдээ