Албан даалгаврын хэрэгжилтийг шалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛИрэх аравдугаар сарын 17-нд болох Дархан хотын 55 жилийн ойн өдрийг угтаж аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад орчны тохижилтоо сайжруулж хог хаягдал, шарилж цэвэрлэн зайлуулах албан даалгавар өгөөд байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын ахалсан ажлын хэсэг Дархан суманд уг албан даалгаврын биелэлт болон өвлийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Тус сумын ЗДТГ болон Ус Цаг уур, Орчны шинжилгээний алба, Мэргэжлийн Хяналтын газрын хамт олон хашаан доторх болон эргэн тойрны 50 метр газрын шарилжийг бүрэн цэвэрлэж зэргэлдээх байгууллагуудтай хамтарч ажилласан байна. Ногоон байгууламжаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шийдэж тохижилтын ажлаа сайжруулахад анхаарчээ.
Дархан сумын ЗДТГ-аас эрхлэн сумынхаа өвлийн бэлтгэлийг тодорхой төвшинд хангаж цэвэр бохир усны шугамыг шинэчлэн сайжруулахад дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг холбогдох удирдлагууд илэрхийллээ.
Б.Норовсамбуу