ХЭНТИЙ: Хэнтийчүүд газар тариалангийнхаа талбайн 36 хувийг л ашигладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-01-09 15:06:17


Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд газар тариаланд ашиглах боломжтой 92 мянган га талбай байгаагаас үйлдвэр эрхлэх зөвшөөрөл олгосон нь 72 мянган га талбай байна.

Гэвч жилд үүнээс 34 мянган га талбайг ашигладаг аж. Өөрөөр хэлбэл 58 мянган га талбай ашиглагддаггүй үлддэг аж. Тус аймагт газар тариалан эрхэлдэг 100 гаруй ААН, иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 47 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс тариалан эрхлэгчдийн тоог өсгөж, дээрх газар тариаланд ашиглах га талбайг нэмэгдүүлэн эргэлтэд оруулах хэрэгтэй байна хэмээн аймгийн тариаланчид үзэж байна.

Мөн тэд Байгаль орчинд ээлтэй, ухаалаг, нөхөн сэргээгдэх газар тариалангийн технологийг аймагтаа нэвтрүүлжээ. Тодруулбал “Хэнтий тариалан” ХХК нь 2014 оноос хойш Хэрлэн сумын Арслангийн хөндий гэх газар буюу урьд өмнө үржил шим муутай хэмээн орхигдоод байсан 1420 га газарт “Нөхөн сэргээх тариалан” технологийг нэвтрүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн захирал Б.Батнаран хэлэхдээ, газар тариалангийн үйлдвэрлэл нь хүнсний аюулгүй байдлыг хангах гол үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс Хэнтий аймгийн тариаланчид аймгийнхаа хүнсний аюулгүй байдлыг хангахыг чухалчилж байгаа гэдгийг онцоллоо. Энэхүү сайн туршлагыг зөвхөн аймгийн хэмжээнд гэлтгүй бүсийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, нэвтрүүлэх боломжийн талаар албаныхан судалж байгаа аж.

Холбоотой мэдээ