ХОВД: Тээвэр логистик, худалдааны гол зангилаа хот гэж тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-14 13:49:23

Ховд /МОНЦАМЭ/.  Баруун бүс, Ховд аймагтай холбоотой нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн саналуудыг хэлэлцжээ.  

Тус аймгийн хувьд тэргүүлэх чиглэлүүд нь тээвэр логистик, худалдааны гол зангилаа хот гэж тодорхойлсон байна.

Ийнхүү Ховд хот нь хөгжлийн нөлөөллийн бүсээрээ 23000 км газар нутгийн хүрээнд эргэн тойрны 7 сумын хэмжээнд маш хүчтэй нөлөөлөл таталцлын хүч бүхий орон зай байна гэж судалгаагаар тогтоогджээ.

Уг судалгаа шинжилгээний үр дүнгээр улс, орон нутаг, бүсийн хөгжилд тусгах саналыг танилцуулж, орон нутгийн оролцогч талуудаас санал авлаа. 

Тодруулбал, Шинжлэх ухаанд суурилсан бодлого тодорхойлох үйл явцыг бэхжүүлэх “Монгол орны хотуудад улс, орон нутгийн зэрэглэл, статус олгох, чиг үүрэг тодорхойлох асуудал ба Ховд аймаг, хот үүрэг, оролцоо” сэдэвт оролцогч талуудын хамтарсан уулзалт энэ оны нэгдүгээр сарын 12-нд болсон.    

Энэ үеэр  бүс нутгийн нийгэм, эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой дэвшүүлж буй төлөвлөлт, санал, шийдлийг Шинжлэх ухааны академи, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Ховд аймгийн ИТХ, ЗДТГ болон холбогдох орон нутгийн төлөөллүүдэд танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн Ховд аймаг руу шилжин суурьших үйл явцыг дэмжих эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалтын механизмын саналыг тус тус танилцуулсан аж.

Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлттэй холбоотой бодлогын зарим зорилтуудыг хэрэгжүүлэх судалгаа, саналд тусгах зөвлөмж гаргасан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. 


Холбоотой мэдээ