АСЕМ-ын гишүүн 51 орны залуус 3 улсаар аялж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-08-30 13:15:26

“Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын нутгаар аялж байгаа АСЕМ-ын гишүүн 51 орны 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутнууд өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.  

Эдгээр төлөөлөгчидтэй уулзах уулзалтыг Монголын талаас Монголын Залуучуудын Холбоо, Улаанбаатар Төмөр Зам хамтран Улаанбаатар Төмөр Замын "Баганат" танхимд зохион байгуулав. 

Ази, Европын улс орнуудын төлөөлөл болсон 18-30 насны 51 залуу эрдэмтэн, судлаач, оюутнууд хамтдаа 3 улсын нутгаар аялж буй аялал нь энэ сарын 15-наас ирэх сарын 03-ныг хүртэл буюу хоёр долоо хоногийн турш Бээжин-Харбин-Владивосток-Чита-Эрхүү-Улаанбаатар гэсэн маршрутаар үргэлжлэх юм.

Төлөөлөгчид Монголд 3 өдрийн турш байрлан, мод тарьж, Төмөр замчдын музей үзэж сонирхох, НҮБ-ын агентлагуудтай танилцах уулзалт, Монгол орны соёл ахуйтай танилцана.

Ази-Европын сангийн 20 дахь удаагийн энэхүү зуны сургалт нь Ази-Европ тивийг холбож байдаг тээврийн хэрэгсэл, гадаад худалдааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар сонирхож буй залуучуудад зориулсан аялал юм.

Энэ зун Монголд АСЕМ-ын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаас гарсан гол үр дүн нь Ази-Европ тивийн хоорондын харилцаа холбооны зарчмыг хүний эрх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, зам тээврийг гол гурван тулгуур асуудал хэмээн үзсэн. Зуны сургалт нь гишүүн орны залуучуудад 2 том тивийг холбох нийгэм, эдийн засгийн талаар ойлголт, мэдлэг өгөхөд хөшүүрэг болох юм.

Хөтөлбөрийн хүрээнд 3 улсын нутаг дэвсгэрээр аялж байгаа нь тухайн орон нутагтай танилцах, төмөр зам,  авто зам, усан болон  агаарын тээвэрт ямар асуудлууд тулгардаг талаар бодит мэдээлэлтэй танилцах, нүдээр үзэх боломжтойгоороо давуу  талтай хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Оролцогчид аяллын үеэр тухайн улсын төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн, бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, их дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох болон туршлага судлах  боломжтой.

Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат, Ази-Европын сангийн Боловсролын хэлтсийн захирал LEONIE NAGARAYAN, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Алтансүх болон Улаанбаатар өртөөний дарга, Төмөр замын Залуучуудын төв байгууллагын тэргүүн М.Цогт нар оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Холбоотой мэдээ