Н.Учрал: Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгах үйлчилгээг E-mongolia-д оруулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа
холбооны сайд Н.Учрал хүүхдийн мөнгийг олгох хүрээнд салбарын яамнаас хийж буй ажлынхаа талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.
Тэрбээр "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол E-mongolia. Төрийн үйлчилгээний үндсэн систем бол ХУР систем. ХУР системтэй дэмжих системүүд нь холбогдож мэдээллээ татан, улмаар E-mongolia-гаар дамжуулж иргэдэд зохих мэдээллийг хүргэж буй. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэх үйлчилгээг E-mongolia системд холбож оруулсан. Хүүхдийн мөнгө авах эрх нь үүссэн иргэдэд мэдээллийг нь мессежээр хүргүүлсэн.
Иргэд
E-mongolia системээр
дамжуулан хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ шалгаж байна. Энэ сарын 16-ны
өдрийн 22 цагийн үед иргэд олноороо тус систем рүү хандсан нь энгийн үеэс 15-20 дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон. Ачааллыг 10 дахин нэмэгдүүлэхэд сервер унахгүй
байхаар тохируулсан ч 20 дахин нэмэгдсэнээр хэт ачааллаас болж сервер доголдсон.
Тиймээс өнгөрсөн өдрүүдэд нэмэлт тоног төхөөрөмж байрлуулж, E-mongolia системийг хэвийн үйл ажиллагаанд орууллаа" гэсэн мэдээллийг өглөө.