Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлтэй холбоотой мэдээллээ сайтаар шалгах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-18 13:18:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд маргаашаас эхлэн улсын бүртгэлийн burtgel.gov.mn сайтаас улсын бүртгэлтэй холбоотой мэдээллээ шалгах боломжтой болохыг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан тэмдэглэв.


Тодруулбал, иргэн өөрийнхөө бүртгэлийн дугаар болон регистрийн дугаараар тухайн системд нэвтрэхэд тухайн хаяг дээр танаас өөр хэн байгааг мэдэх бололцоогоор хангана. Хэрэв зөрчилтэй бол сайтаар эргээд хандаж болно. Ингэснээр иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж байгаа. Хэрэв хаяг дээрээ байхгүй, эсвэл энэ хаяг дээр байх ёстой байсныг бүртгээгүй бол холбогдох нэгжүүд богино хугацаанд шийдэж үйлчлэх аж.


Манай улсын төрийн байгууллагад тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэж, их хэмжээний өгөгдөл дээр ажиллах шаардлага зүй ёсоор гарч байгааг Д.Дэлгэрсайхан онцлоод, “Бүртгэл бол эх нотлох баримтыг нь үндэслэж хийдэг үйлдэл. Улсын бүртгэлийн үйлчилгээнд одоогоор ачаалал үүсээгүй байна. Улсын бүртгэлийн нэгжээс иргэдэд хамгийн ойр нь хороо тул тэнд очоод асуудлаа шийдэх болно, мөн еmongolia руу ороод харах ч боломжтой. Мэдээллээ хянаад, хаяг дээр нь өөр хүн байгааг УБЕГ-т хандан, орон сууцаа баталж, тэнд бүртгүүлсэн бусад хүнийг хаягаасаа түдгэлзүүлэх боломжтой” гэлээ.


Төрийн үйлчилгээний 70-80 хувь нь улсын бүртгэлд байдаг. Одоогоор e-mongolia системд улсын бүртгэлийн 90-ээд төрлийн үйлчилгээ оруулаад байгаа аж. 

Холбоотой мэдээ