Нобелийн шагналт Мария Рессаг Филиппиний шүүх цагаатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-19 16:20:21
МАНИЛА. /BBC/. Филиппиний сэтгүүлч Мария Ресса болон түүний “Rappler” мэдээллийн агентлагт үүсгэсэн татвараас зайлсхийсэн хэргийг тус улсын шүүх цагаатгажээ. Энэхүү үйл явдлыг хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн ялалт хэмээн үзэж байна. 

“Бид энэ өдөр арай эрт ирнэ гэж найдаж байсан. Баримт, үнэн, шударга ёс ялдгийг өнөөдөр баталлаа" гэж М.Ресса "ВВС" -д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

Тэрбээр "ВВС" -д өгсөн ярилцлагадаа, түүний эсрэг хуулийг хэрхэн дарангуйллын хэрэгсэл болон ашиглаж байсан, энэхүү шүүхийн зарга дөрвөн жил гаруй үргэлжилсэн тухай ярьсан байна. 

“Rappler” нь Ерөнхийлөгч асан Родриго Дутертег ил тод шүүмжилдэг Филиппиний цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг байсан юм. 2018 онд Дутертегийн засгийн газар М.Ресса болон түүний хэвлэлийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. Тухайн үед түүний редакц гадаадаас хөрөнгө оруулалт татаж байсан байна. Ресса болон "Rappler"  үүний эсрэг заргалдсан аж. 

“Rappler” агентлагийг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан хэрэг бол иргэд, сэтгүүлчдийг дарамтлах, айлган сүрүүлэхийн тулд хуулийг хэрхэн дарангуйллын хэрэгсэл болгон ашиглаж буйн нэг тод жишээ юм гэж Филиппиний сэтгүүлчдийн холбоо мэдэгдэж байв.

Энэ хэрэг нь Дутертег засгийн эрх барьж байх үед эхэлж, шинэ Ерөнхийлөгч бага Фердинанд Маркосын үеийг хүртэл үргэлжилжээ.

Мария Рессагийн эсрэг өөр хэд хэдэн хэрэг үүсгэсэн бөгөөд тэрбээр олон жил хоригдох ял авч магадгүй байгаа юм. Гэхдээ тэрбээр тэмцэхэд бэлэн байгаа нь тодорхой. 
Холбоотой мэдээ