ЗАВХАН: Байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-20 17:22:30

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг 23 сумын 6919913 га бэлчээрийн газарт фото мониторинг хийжээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргаж байна.

2022 онд Тосонцэнгэл суманд долоон цэг, Их-Уул суманд зургаан цэгийг шинээр байгуулсан. Харин мониторингийн цэгээ өтгөрүүлэх зорилгоор, Дөрвөлжин, Түдэвтэй, Цагаанхайрхан гэхчлэн сумуудад цэгийн тоог нэмж, аймгийн хэмжээнд 26 цэгийг шинээр нэмсэн байна. Аймгийн хэмжээнд 23 сумын 181 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, үүний 155 нь бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын Газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн байна.


Өөрөөр хэлбэл, 440 цэгт 6919913 га бэлчээрийн газрыг төлөөлүүлэн мониторингийн цэгийг ажиллуулж байна. 2022 онд бэлчээрийн газрын фотомониторингийн үр дүн болон бэлчээрийн сэргэх чадавхид үндэслэн бэлчээрийн төлөв байдлын гурав, дөрөв, тавдугаар ангиллын доройтсон газруудыг тодорхойлоод байгаа юм. Бэлчээрийн төлөв байдлын энэ тодорхойлолтод үндэслэн тухайн сум, орон нутгийн онцлог, амьдралын хэвшил, байгаль цаг уурын онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүллээ.

Тухайлбал, бэлчээр чөлөөлөх, усжуулах, өнжөөх, сэлгэх, хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг ажлуудыг тухайн жилийн сумын газар зохион зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь заавал тусган батлуулж, хэрэгжилтийг нь хангуулан ажилласан. Ингэснээр малчид, тухайн сум, багийн шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд хамтран бэлчээр хамгаалах ажлыг илүү үр дүнтэй болгосон. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 17 сум бэлчээрийг хамгаалах, өнжөөх ажлыг үр дүнтэй хийсэн байна.

Завхан аймаг 82.4 мянган км2 газар нутагтай. Үүний 84 хувь нь бэлчээр. Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаагаар нийт бэлчээрийн 75 хувь нь байгалийн унаган төлөвөө алдаж бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч ургалт багасжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн нийт бэлчээрийн даац 1.2-3.9 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн доройтлын түвшин ч харилцан адилгүй байна.


Бэлчээрийн өөрчлөлтийг таван түвшинд хуваадаг. Эхний нэг, хоёрдугаар түвшин бол буцаж сэргэхэд харьцангуй амар. Нэг, хоёр жил өнжөөж амраах, нүүдэл суудлаар зохицуулж сэргээх боломжтой. Гурав, дөрөвдүгээр түвшин бол дөрвөөс таван жил шаардагддаг. Сэргэхэд  амаргүй. Харин тавдугаар түвшинд очиж доройтлын босгыг давахын бол техникийн аргаар нөхөн сэргээхээс өөр аргагүйд хүрнэ. Техникийн нөхөн сэргээлт хийхийн тулд 5-10 жил болон хөрөнгө мөнгө их  зарцуулна. Тиймээс бэлчээрийн газарт фото мониторингийг заавал хийж, үнэлэх нь чухал юм.

Фото мониторинг гэдэг нь бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх. Мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хүргэх зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг үнэлэхийг хэлнэ.

Мониторингоор газрын гадаргуугийн бүрхцийн мэдээлэл дээр үндэслэж статистик боловсруулалт хийх замаар мэдээний олон жилийн цуваа үүсгэж бэлчээрийн ашиглалтын нөлөөллөөс үүссэн өөрчлөлтийг хянана. Тухайн жилийн мониторингийн үр дүнг бэлчээрийн төрлийн төлөв байдлын чанарын лавлагаа түвшинтэй харьцуулна.

Мониторингийн тайлан үр дүнг бэлчээрийн менежментийн хэвийн үйл ажиллагааг хянах, бэлчээрийн газар ашиглалтын үр нөлөөг үнэлэх. Бэлчээр ашиглуулах гэрээний биелэлтийг дүгнэх, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгож ашигладаг юм гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.


Ер нь бэлчээрийн мониторинг хийснээр тухайн жилийн бэлчээрийн даацад малын тоог тохируулах, сүргийн менежментийн төлөвлөгөө гаргах. Гэрээт бэлчээрийн төлөв байдлыг хянах, түүхий эдийн гарал үүслийг мөшгих тогтолцооны суурь мэдээлэлд оруулах зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байна. Түүнчлэн малчид бэлчээрийн даацдаа тохируулж малаа өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах. Бэлчээрээ сэлгэснээр бэлчээрийн доройтлоос хамгаалах, бэлчээр нөхөн сэргээгдэх, бэлчээрийн эмх замбараагүй ашиглалтаас сэргийлнэ гэх зэргээр маш олон давуу талтай юм.  Завхан аймгийн нийт нутгийн 83.9 хувийг бэлчээр, 0.1 хувийг хадлангийн талбай, 0.02 хувийг тариалангийн талбай, 5.6 хувийг ойн талбай эзэлдэг. Тиймээс бэлчээр нутгаа хамгаалах  нөхөн сэргээхэд бүх талын оролцоог заавал хангах нь чухал аж.


 Бэлчээрийн судалгааг хийх нь мал аж ахуйн салбарт чухал

Завхан аймаг байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг юм.

Тодруулбал, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг зүүн ба хойд хэсгийн 14 сум Өндөр уулын бүсэд, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сантмаргац, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Завханмандал гэсэн 7 сум Их нуурын хотгор ба Говийн Алтайн бүсэд хамаардаг. Харин Ургамал, Дөрвөлжин сум говийн бүсэд орно. Завхан аймгийн байгалийн бэлчээр нь 8330627.25 га, үүнээс мал сүргийг хэрэгцээт тэжээлээр хангах тохиромжтой 6960989.34 га буюу 83.56 хувь, бэлчээр нутаг 51 хувь байна.

Харин бэлчээрт ашиглах боломжгүй мөнх цас, хад, цохио, асга бүхий 1369637.91 га буюу 16.44 хувь талбай байна.


Монгол орны бэлчээр хадлангийн ангилгааны дагуу нийт 244 төрлийн бэлчээр байдгаас Завхан аймагт 180 төрлийн бэлчээрт 70 овог, 350 төрлийн 1200 гаруй зүйл ургамал ургадаг. Байгалийн бүс бүслүүрийн хуваарилалт, газрын рельеф, экологийн нөхцөлийг харгалзан үндсэн 9 бүлэгт хувааж үздэг.

Өндөр уулын бэлчээр, дундаж өндөр болон нам уулын хээрийн бэлчээр, өндөр уулын хоорондох нуга хөндийн бэлчээр. Мөн нам уул хоорондох нуга хөндийн бэлчээр, тал хээрийн бэлчээр, цөлжүү хээрийн бэлчээр, говь цөлийн элсний бэлчээр, бүс дундын голын хөндий, нам хотосын нугын бэлчээр, бэлчээрт тохиромжгүй газар гэх мэтчилэн хувааж үздэг.

Тухайлбал, өндөр уулын бэлчээр нь сарлаг, хайнаг, үхрийн тохиромжтой бэлчээрийн нутаг бөгөөд мөн бог мал, адууг бэлчээх боломжтой. Энэ бэлчээрт зун, намрын улиралд сарлаг үхэрт нэн тохиромжтой.

Завхан аймгийн нийт бэлчээрийн 33.69 хувийг эзэлж буй өндөр уулын бэлчээр Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон суманд байна.

Харин өвөл, хаврын улиралд сарлаг үхэрт нэн тохиромжтой буюу нийт бэлчээрийн 21.03 хувийг эзэлж буй бэлчээртэй нутаг Баянтэс, Асгат, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон суманд байна. Энэ мэтчилэн бэлчээр нутгийн онцлог, бэлчээрийн мониторинг судалгааг хийх нь мал аж ахуйн салбарт маш чухал юм гэж аймгийн ГХБХБГ-аас нэмж мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ