Монгол-Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны ойг шуудангийн маркийн нээлтээр эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-23 16:20:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойд зориулсан шуудангийн маркийн нээлт өнөөдөр ГХЯ-нд боллоо. 


Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлэхдээ “Энэ өдөр Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой тохиож байна. Түүхэн ойн хүрээнд бид хоёр орны харилцааны өрнөл, ололт амжилтаа дүгнэхийн зэрэгцээ дараагийн жарны хуудсыг нээх цуврал арга хэмжээг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ойн арга хэмжээг түүхт ойд зориулан гаргаж буй шуудангийн маркны нээлтээр эхлүүлж байна" гэлээ.


Тэрбээр цааш хэлэхдээ "Өнгөрсөн жарны хугацаанд Монгол, Их Британийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, уул уурхай, соёл, боловсролын салбарт өргөжиж, эдүгээ Британи Улс нь Монгол Улсын худалдааны гол түнш, томоохон хөрөнгө оруулагчдын нэг, гуравдагч хөрш болсон байна. Их Британи Улс өрнөдийн орнуудаас манай улстай дипломат харилцаа тогтоосон анхдагч улсын нэг бөгөөд Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирснийг бид байнга талархан дурсдаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурласан манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бүр тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” компанитай хамтран тусгай марк гаргаж ирсэн сайхан уламжлалтай" хэмээв. 


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон “Их Британи, Монгол Улс нь марк болон шуудангийн үйлчилгээний өнө удаан жилийн уламжлалтай ард түмэн билээ. Их Британи Улс нь анхны шуудангийн маркийг 1840 онд гаргаж, улмаар Британийн эзэнт гүрний шуудан өртөөний найдвартай сүлжээг бий болгосон юм. Монгол Улс анхны үндэсний маркийг 1924 онд гүйлгээнд гаргасан хэдий ч Чингис хаан дэлхийн анхны шуудан өртөөг Монголын эзэнт гүрний үед байгуулсан түүхтэй. Энэхүү дурсгалын маркны нээлт нь дипломат харилцааны ойг тэмдэглэн үлдээх чухал арга хэмжээ болж байна. “Монгол шуудан" компанийн бүтээсэн энэхүү марк нь өвөрмөц шийдэлтэй, гайхалтай бүтээл болсонд өөрийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье. Нэгэн жарны ой гэдэг бол аливаа харилцаанд чухал, тэр тусмаа хоёр орны харилцаанд нэн чухал. Британи Улс анх барууны орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд үүгээрээ ч байнга бахархаж ирсэн юм" гэлээ.


“Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил” сэдэвт уг хэлхээ маркт Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 оны бат бэхийн бэлгэдэл “Элдэв-Очир”, Англид хэвлэгдсэн дэлхийн шуудангийн анхны марк 1840 оны “Хар Пенни” болон Монгол-Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн лого зэргийг тус тус дүрслэн харуулсан байна. Хэлхээний чимэглэл хэсэгт Монгол, Британийн төрийн далбаа, Отгонтэнгэр хайрхан, шуудан өртөөний гэрүүд, нүүдэллэж буй гэр тэрэг, гэрэгэ барьсан буухиа шуудангийн элч, Английн далайн шуудан тээврийн далбаат онгоц, дундад зууны үеийн шуудангийн байр, дөрвөлсөн морьтой шуудангийн сүйх тэрэг зэргийг тус тус зохиомжилжээ. Марк нь нийт 20 мянган ширхэг хэвлэгдсэн ба зураачаар Г.Баттөмөр, дизайнераар Б.Дамдинбазар нар ажилласан байна.


Монгол маркийн түүхэнд Британийн холбогдол бүхий сэдвээр Хөл бөмбөгийн ДАШТ /1966, 1978, 1982, 1998, 2022/, Нийслэлийн түүх /1978/, Төмөр зам /1979, 1992, 1997, 2000/, Далбаат хөлөг онгоц /1981/, Унадаг дугуйн түүх /1982/, Тракторын хөгжил /1982/, Агаарын бөмбөлөг /1982/, Нохой /1984, 1991/, Автомашин /1986/, Сүүлт од /1986/, Дэлхийн маркийн үзэсгэлэн “Лондон” /1980, 1990/, Дэлхийн Скаутын холбоо /1992/, Диана гүнжийн дурсгал /1997, 2008/, Мянганы нээлтүүд /2000/, Хүн төрөлхтөний түүх /2002/, Хатан хаан Элизабет II /2008/, Хун тайжийн хурим /2011/, Олимпын тоглолт Лондон /2012/, “Битлз” хамтлаг /2013/, Дэлхийн нэрт эрдэмтэд /2014/ зэрэг олон марк шуудангийн гүйлгээнд гарч байсан аж. 


Тус арга хэмжээнд гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцсон бөгөөд Гадаад харилцааны яамнаас хоёр орны харилцааны түүхийг өгүүлсэн гэрэл зураг, ном хэвлэлийн үзэсгэлэнг дэлгэв.



Холбоотой мэдээ