Виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлах болсноо мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2023-01-24 11:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Япон Улс руу зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн даваа гаргаас эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлах болсноо мэдээлэв.

 

Уг мэдээлэлд "Тус ЭСЯ-ны өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоонд хязгаар тогтоосон байдаг. ЭСЯ-ны зүгээс хүйтэн сэрүүний улиралд виз мэдүүлэгчдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар хүлээн авах виз мэдүүлгийн тоог нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Гэвч өнөөгийн байдлаар виз мэдүүлгийн цаг 3 дугаар сарыг дуустал олгогдсон нөхцөл байдалтай байна. Иймд энэ оны 4 дүгээр сараас эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар төлөвлөсөн. Консулын хэлтсээс 4 дүгээр сарын 3-ны өдрийн даваа гаргаас эхлэн виз мэдүүлэх дугаарыг (хүлээн авах дугаар) тухайн өдөрт нь тараах бөгөөд дарааллын дагуу визний мэдүүлгийг тухайн өдөртөө хүлээн авах зохицуулалтыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлнэ. 


Гуравдугаар сарыг дуустал виз мэдүүлэх цаг авсан боловч тухайн хугацаандаа виз мэдүүлэх боломжгүй болсон иргэд тус ЭСЯ-ны Консулын хэлтэст заавал урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр хүлээлэгт буй бусад виз мэдүүлэгчдэд цаг олгох боломжтой болох юм. Хүмүүнлэгийн болон эмчилгээний зорилгоор Япон Улс руу яаралтай зорчих шаардлагатай иргэдийн тухайд урьдын адил тус ЭСЯ-ны Консулын хэлтэст хандан тусгайлан хүсэлтээ тавих ёстой. Энэ талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх болно" гэжээ.

Холбоотой мэдээ