АРХАНГАЙ: Дэлхийн хамгийн олон бугыг дүрсэлсэн, хамгийн том буган хөшөө Архангайн нутагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-25 15:27:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн Буган чулуун хөшөө, Хиргисүүрийн цогцолбор бүхий түүхийн дурсгал нь түүхийн он тооллыг 2000 гаруй жилээр урагшлуулж буйг судлаачид хэлдэг.

 

Археологич, түүх судлаач, эрдэмтэд буган хөшөөд, тахилгын газрын олдворын эд өлгийн зүйлсийн шинжилгээний дүн Хүннү гүрнээс 2000-аад жилийн тэртээ он цагт хамаарагдахыг тогтоосон байна. Энэ нь монголчуудын түүхийг улам батжуулж баяжуулах гэрэлт ирээдүйг харуулж байгаа аж.

 

Жаргалантын амны цогцолбор дурсгалыг 1960-аад оноос судалж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хоёр өөр цаг үед холбогдох хоёр төрлийн нийт 660 гаруй тахилгын байгууламж, олон тооны дагуул бүхий хиргисүүр, 30 гаруй буган хөшөө байгаа нь тогтоогджээ.


Буган хөшөөдийн дүрслэл нь маш уран нарийн хийцтэй, буга, согоо, эрээн бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн гоёмсог дүрсүүд бий. Хэмжээний хувьд 1-3.89 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0.5-4 тн хүртэл жинтэй асар том хөшөөд юм.


Буган хөшөөдийн дотроос гуравдугаар хөшөө нь 389 см өндөр, 68 бугыг загварчлан чадварлаг багтаан дүрсэлснээрээ дэлхийн хамгийн олон буга дүрсэлсэн, хамгийн том буган хөшөө болж байгааг археологич, түүх судлаач, эрдэмтэд хэлсэн. Энэхүү тахилын байгууламжийг эрт, хожуу үе хэмээн хуваасан бөгөөд эрт үе нь “Хиргисүүр ба буган хөшөөний соёл”-ыг /НТӨ XI IX зуун/, хожуу үе нь “Дөрвөлжин булшны соёл”-т эртний ард түмэн /НТӨ VIII VII зуун/ бүтээсэн хэмээн үзсэн.


2009 оноос “Монголын соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэг”-ийн санаачилгаар АНУ-ын ЭСЯ-ны соёлын өвийг хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр “Хануйн хөндий” төслийг хэрэгжүүлж, дурсгалын дэвсгэр зураг болон хөшөөдийн хэв хуулгыг авах ажлыг гүйцэтгэснээс гадна Түрэгийн үеийн тахилгын онгонд ашигласан, унасан, хугарсан буган хөшөөдийг сэргээн босгосон нь аялал жуулчлалд чухал ач холбогдолтой томоохон ажил болсон байна. 

Холбоотой мэдээ