Хоёр тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилтийг олгох боломжтойг дуулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-27 07:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтаар Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага болон төсөлд тавигдах нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг хариуцсан 31 худалдааны элчийн нэг бөгөөд Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.


Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас өөрийн улсын экспортын бараа, үйлчилгээ оролцсон төслүүдэд зээл, баталгааны механизмаар дамжуулан санхүүжилт олгодог бөгөөд Монгол Улсад хоёр тэрбум фунт стерлинг хүртэлх төслийн санхүүжилтийг олгох боломжтойг дуулгалаа.


Холбоотой мэдээ