Испанид нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-27 08:40:38

МАДРИД. /AP/. Испанид “COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш гурван жил орчмын турш мөрдөж буй нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг цуцлахаар төлөвлөж байна.


Испанийн Эрүүл мэндийн сайд Каролина Дариас ирэх хоёрдугаар сарын 7-нд болох Засгийн газрын хуралдааны үеэр уг журмыг цуцлах саналыг хүргүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Харин эмнэлэг, эмийн санд амны хаалт заавал зүүх журмыг хэвээр үлдээнэ.


Испанид коронавирусний халдварын эхний давлагааны үеэр буюу 2020 оны тавдугаар сараас битүү орчин, задгай талбайн аль алинд амны хаалт заавал зүүхийг журамлажээ.


Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэд нийтийн тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагатай болоод байгаа юм.


Испани улс нь хүн амынхаа 90 гаруй хувийг вакцинжуулсны ачаар цар тахлыг даван туулж чаджээ. 

Холбоотой мэдээ