Сэтгүүл зүйн ёс зүй, эрх чөлөөгөө хадгалж, итгэл олж авах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-27 12:41:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн ёс зүй, эрх чөлөөгөө хадгалж, итгэл олж авах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг 5 дахь жилдээ “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвээр зохион байгууллаа.


Энэ удаагийн форумаар “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь”, “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн энэ цаг үед УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэн баталсныг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн шүүмжилж байгаа үйл явц өрнөж байгаа. 


“Цар тахал, олон улсын энх тайвны ээдрээтэй нөхцөл байдал нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах эрсдэлийг нэмлээ. Үндсэн хуулиар хамгаалсан, иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах, аливаа хэлбэрийн цензур тогтоохоос ардчилсан Монгол Улс холуур байх учиртай”-г Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир форумыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. 

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хүний хийж буй ажилд алдаа гардаг, гэхдээ бүгд санаатай, зорилготой байдаггүй. Алдааг нь олж харж, хэлж сануулан, засаж урагшлахаас аргагүй. Энэ бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар. Сүүлийн 6 жилд редакцид хаягласан 500 гаруй өргөдөл гомдлыг шүүхээс өмнөх шатанд өөрийн зохицуулалтаар шийдээд байна”-г дуулгалаа.



Түүнчлэн, “Өөрийн зохицуулалт: Редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг зохицуулж буй байдал, ёс зүйн зарчим-олон ургальч байдал, оролцоог хангах, итгэлийг нэмэгдүүлэх нь, Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт ба практик”, “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт-ХБНГУ, бусад улс орны туршлага” сэдвээр илтгэл танилцууллаа. Тухайлбал, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал “Сэтгүүлчид ёс зүйтэй ажилласнаар олон нийтийн итгэлийг олдог. Үүнд редакцуудын уншигч, сонсогчдодоо хандсан ёс зүйн мэдэгдлүүд үгүйлэгдэж байна” хэмээв. Өөрөөр хэлбэл редакцууд мэргэжлийн ямар ёс зүй баримталдаг, үүнийг бүтээлдээ хэрхэн ашигласан зэргээ хэрэглэгчдэдээ тайлбарлан, ил тод мэдээлж, сурталчилдаг соёл дутаж байгааг тэмдэглэлээ. 


Форумын салбар хуралдаанаар нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт сэдвээр илтгэл танилцуулснаас гадна гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах асуудлаарх эрх зүйн болон өөрийн зохицуулалтын тухай хэлэлцүүллээ. Ханнс-Зайделын сан, Дойче Веллэ академитай хамтран зохион байгуулсан энэ удаагийн форумд мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор, салбарын судлаач, хуульчдын 100 орчим төлөөлөл оролцжээ. 

Холбоотой мэдээ