Боомтын төмөр замаа 7 дугаар сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-02 13:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын бодлогод тусгасан боомтын сэргэлтийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын 15-20 орчим км төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байна.


Тус компани 2 дугаар сардаа багтаан хэлэлцээ хийхээр бэлтгэж байна. Ингэснээр боомтын төмөр замыг 7 дугаар сард ашиглалтад оруулж, энэ оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.

“Засгийн газраас Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан. Энэ дагуу бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгаа. Эхний ээлжинд боомт, хил холболтын төмөр замыг барих нь чухал. Тухайлбал, Хятадын талаас Шивээхүрэн боомт руу 800 метр, Бичигт рүү 3 км зам дутуу байгаа. Монголын талаас Бичигт рүү 7 км, Шивээхүрэн рүү 13 км төмөр зам дутуу байгааг барьж дуусгана" хэмээн "Монголын төмөр зам" ТӨХК-йн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хэвлэлийнхэнд мэдээлэв.

 


Экспортын шинэ гарц бүхий төмөр замтай болно

Манай улсын баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж дуусжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК энэ онд “Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300 км, Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалт гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Учир нь Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-йн оролцоотой концессын “Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан юм.

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замаар 729,5 мянган тн ачаа тээвэрлэжээ

“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг ашиглалтад оруулж, 2022 оны 3 дугаар сараас туршилтын тээвэр эхлүүлнээс хойш 729.5 мянган тн ачааг  тээвэрлэжээ


Үүнээс сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийг 121,2 мянган тн, экспортын нүүрсийг 136,7 мянган тн, орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг 35,8 мянган тн, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 436 мянган тн ачааг тээвэрлэсэн байна. Нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тус төмөр замаар “Тавантолгой түлш” компанийн 38,5 мянган тн мидлинг тээвэрлээд байгаа аж. Түүнчлэн тус чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгийг дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжэээг цогцоор нь шийджээ. Мөн дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тн нүүрс, харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2023 онд 2,8 сая тн нүүрс экспортлох зорилготойг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцолсон юм. 



Холбоотой мэдээ