Нийслэлийн төвийн 6 дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-31 11:21:45

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 25-наас төвийн 6 дүүрэгт хүнсний ногооны “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна.

Хүнсний ногооны  хэрэгцээг дотооддоо бүрэн хангах аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой уг үзэсгэлэнг аравдугаар сарын 25 хүртэл зохион байгуулах юм. Зохион байгуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  дүүргийн Засаг дарга нар хариуцаж байна. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 23 байршилд 190 цэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна. Тодруулбал Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд, Бөхийн өргөөний урд, “Тэнгэр” бөөний худалдааны гадна талбайд зэрэг нийт 4 байршилд 80 цэгт үзэсгэлэн худалдаа гарчээ. Мөн Баянгол дүүрэгт 3-р эмнэлэгийн зүүн талд, Бичил хорооллын дунд талбай зэрэг 3 байршилд, Хан-Уул дүүрэгт “Ажилчны алдар” талбайд, “Хоме ппаза”-ийн гадна талбайд, “Буянт-Ухаа-1” хорооллын гадна, Чингэлтэй дүүрэгт Хайлааст, Долоон буудлын уулзвар, 24-р сургуулийн урд талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Хархорин захын эсрэг талд 31-р байрны урд хэсэгт, Миний захын хажууд, Баянхошууны эцсийн буудал орчим ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна.

Үзэсгэлэн ирэх сарын 15-наас эхлэн Сүхбаатарын талбай, Барилгачдын талбай, Жуковын талбайд болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ