ХӨВСГӨЛ: Ж.Даваадамдин: "Хөвсгөл-Соёлын мод" оюун санааны брэндийг хамтдаа бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-03 09:12:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны хойморт орших Хөвсгөл нутаг гүн цэнхэр Хөвсгөл нуур, онгон дагшин үзэсгэлэнт байгаль, олон ястны соёлын өлгий болсон нутаг. Аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлаж олон үйл ажиллагааг төлөвлөн хийж байна. Нэрлэсэн жилийн хүрээнд өв соёлоо хэрхэн сурталчлах талаар Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын дарга, Цаа, цасны баярыг зохион байгуулах ажлын хэсгийн  ахлагч Ж.Даваадамдинтай ярилцлаа.

 


-Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй онцлог ажлуудаас тодруулна уу?

-Соёлын яамны бодлогын үндсэн 4 багана бол үндэсний үнэт нэгдмэл үнэт зүйл, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, соёл олон нийтийн боловсролыг олгох юм. Энэ 4 үнэт зүйлсээс Хөвсгөл аймаг соёлын аялал жуулчлалын бодлогыг бусад аймгаас түлхүү гаргаж өгөхийг зорьж байна. Энэ нь бидний давуу тал онцлог юм. Жилд Хөвсгөлийн  үзэсгэлэнт сайхан байгаль, Хөвсгөл нуурыг зорьсон 100 гаруй мянган жуулчин зорин ирж буй энэ үед бид соёлын аялал жуулчлалын маршрут гаргаж контент бий болгох нь чухал учраас эхний ээлжинд бид контентыг бэлтгэж байна. Энэ агуулгын хүрээнд соёлын аялал жуулчлалаа нэн түрүүнд тавьж, ажлын зорилго чиглэлдээ тусган ажиллаж байна.


- “Хөвсгөл -Соёлын мод” гэж  яагаад нэрлэсэн бэ?

- Монгол Улсын газрын зураг дээр аймгийн газрын зураг модны хэлбэртэй байдаг. Үүнээс санаа авч миний бие Хөвсгөл аймаг бол соён гэгээрүүлэгчдийн өлгий нутаг. Энэ нутгаас төрөн гарсан олон арван алдартнууд бол үр жимснүүд нь юм байна. Соёлын модон дээр 23 сумаа 23 жимс болгон дүрсэлж “Хөвсгөл- Соёлын мод” оюун санааны брэндийг хамтдаа бүтээхийг зорьж байгаа юм.

Соёлын модны жимс болох олон хүнийг нэрлэж болно. Тухайлбал: Монгол Улсын ардын билиг зүйч Ж.Бадраа, XX зууны нэрт кино найруулагч Д.Жигжид, Монгол Улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн  Б.Ширэндэв, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимид гээд олон хүн төрсөн сайхан нутаг.


-Хөвсгөлд зочлох жилийн  хүрээнд  ирж байгаа гадаад, дотоодын жуулчдад  соёлын ямар өвүүдийг сурталчлахаар зорьж байна ?

-Аймгийн Засаг даргын тамгын газраас Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд 10 гаруй эвент үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Засгийн газраас зарласан 2023 оны аялал жуулчлалын календарчилсан төлөвлөгөөнд Хөвсгөл аймгийн хоёр үйл ажиллагаа орсон байна. Тодруулбал, энэ сарын 27, 28-нд Цагааннуур сумын Гурвансайхан гэж хайрхны энгэрт болох "Цаа, цасны баяр-2023" Өв соёлын наадам, 3 дугаар сарын 1-5-ны өдөр болох Хатгал тосгон Хүй толгойн орчимд болох “Хөх сувд мөсний баяр -2023” гэсэн өвлийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа багтсан. Дээрх үйл ажиллагаануудыг Соёл урлагийн газрын хамт олон орон нутгийн онцлог бүхий өв, соёлоо сурталчлахаар төлөвлөн ажиллаж байна.


-Та Цаа, цасны баярыг зохион байгуулах ажлын багийн ахлагчаар томилогдсон. Энэ баярыг “Өв соёлын наадам” гэж тодотгосны учир юу вэ?

-Цаа, цасны баяр бол цаа бугаа даган амьдарч буй цаатан иргэдийн ёс заншил, ахуй соёлыг олон нийтэд сурталчлах зорилготой. Мөн цаа, цас хоёр бол салшгүй холбоотой зүйл. Цас их орох тусам цаа буга өнгө орж тарга хүч авдаг сонин өвөрмөц зохилдлогоотой. Өв соёлын наадам гэж тодотгосон учир нь үндэсний цөөнх болсон иргэдийн язгуур соёлыг түмэнд олонд таниулна. Гэхдээ өв соёлын наадамд зөвхөн дархад, цаатан төдийгүй уйгар, халх, буриад, хотгойд гээд Монгол Улсын аль ч аймаг, сумаас ирж оролцох боломжтой, уралдаан тэмцээний агуулгатай наадмын удирдамжийг бид боловсруулж байгаа учраас хамрах хүрээ өргөн дэлгэр наадам болно.


-  -Мөсний баярт ирсэн иргэд мөсөн хотхонд тухлан саатдаг. Харин Цаа, цасны баярын тухайд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах вэ?

-   -Цаа, цасны баярын талбайд орон нутгийн онцлогийг харуулсан цасан баримлуудыг урласан. Энэ үеэр цааны болон чаргатай цааны уралдаан, хааг цанын уралдаан болж, олон ястны өв соёлын наадмыг үзэж сонирхох боломжтой. Цаа буга ер нь уралдаад байдаггүй амьтан. Гэхдээ цаа, цасны баяраар л энэ уралдааныг үзэх боломжтой юм. Мөсний баяраар бид тахтай морин чарганы уралдааныг үздэг шиг цаа, цасны баяраар чаргатай цааны уралдааныг үзнэ.

     Хааг цанаас цана үүссэн гэж ярьдаг. Цаа бугын үсээр улыг нь хийсэн эртний цанаар цаатан иргэд уралдана. Монгол орны өөр аймаг сумдад болдоггүй зөвхөн хоймор нутгийн тайгад амьдардаг цаа, цаатны өв соёлыг нүдээр үзэх ховор боломж  гэж хэлж болно. Мөн хувцас загварын шоу, олон ястны хоолны соёлын уралдаан зэрэгт аялагч, амрагч иргэд ч оролцох боломжтой юм.

    Хөвсгөл аймаг өнгөрсөн намар "Нүүдэлчин Монгол" наадамд түрүүлсэн. Энэ наадмын тэргүүн байр эзлэхэд хамгийн хувь нэмэр оруулсан ардын билиг авьяастнуудын “Тайгын цуурай” тоглолтыг баярын нээлтийн үеэр тоглоно. Харин хаалтын үеэр Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын хамт олны “Цаатан түмний аялгуу” олон ястны урлагийн тоглолтыг бүрэн эхээр нь тоглоно. Зорин ирсэн хүн бүрийн сэтгэлд хүрсэн, сайхан дурсамж бүтээх "Цаа, цасны баяр-2023" өв соёлын наадамд та бүхнийг урьж байна.

-     -Баярлалаа. Амжилт хүсье.

 

 

 

 

Холбоотой мэдээ