БНЭУ-д 28 эмэгтэй нарны эрчим хүчний технологийг нэвтрүүлэх сургалтад хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-02 20:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай  улс БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосны зэрэгцээ боловсролын салбарт тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ удаа Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын орон нутгийн эмэгтэйчүүдэд зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлжээ.  


Нарны эрчим хүчний технологийн олон улсын сургалтыг Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тэтгэлгээр санхүүжүүлсэн байна. Энэ хүрээнд нарны эрчим хүчний сургалтад орон нутгийн 28 эмэгтэй хамрагдаад иржээ. Тэдний дийлэнх хувийг Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд эзэлж байгаа нь онцлог юм.


Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны хүрээнд нийт 350 гаруй залууг Энэтхэг улсад энэ төрлийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулсан. Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Энэ төрлийн сургалтаар эзэмшсэн боловсрол цаашдаа чухал үүрэг гүйцэтгэх юм. Үүний зэрэгцээ боловсролын салбарт тэр дундаа нарны эрчим хүчний технологийг боловсронгуй болгоход хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


Орон нутгийн суурин газруудад нарны эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11 аймгийн нийт 28 эмэгтэйг тус улсад гурван сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулсан байна.   

Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд хөдөө орон нутагт эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хамааралгүй, цэвэр, тогтвортой, нарны эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах мэдлэг чадвар эзэмшсэн гэдгийг албаныхан онцолж байлаа. Түүнчлэн нарны эрчим хүчний төхөрөмжийг дээвэр дээр суурилуулах, ЛЕД гэрэл угсрах, нарны ус шахах систем, нарны хавтан, батерей угсрах, суурилуулах, завсар үйлчилгээ хийж сурчээ.


Холбоотой мэдээ