Зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-03 11:31:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны мэдээлэл цуглуулалт нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд явагдаж дууслаа. 


Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авснаараа онцлогтой. Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.


Энэхүү санал асуулгын хоёр дахь шат энэ сарын 14-15-нд "Зөвлөлдөх уулзалт" хэлбэрээр Төрийн ордонд болох бөгөөд  нэг дэх шатанд хамрагдсан иргэдийн 50-иас доошгүй хувь нь оролцох юм.

Холбоотой мэдээ