ХОВД: Булган боомтын өргөтгөлийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-04 00:40:14

Ховд /МОНЦАМЭ/.  Боомтын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, Булган боомтыг өргөтгөх асуудлыг хэлэлцсэн байна.


Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа болон Боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн холбогдох албаны төлөөлөл цахимаар оролцжээ. 


Булган боомт нь ачаа барааны эргэлт буюу экспорт, импортыг түлхүү нэвтрүүлдэг Ховд аймгийн иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй олон улсын зэрэглэл бүхий томоохон боомтын нэг юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 4 хувийг нэвтрүүлсэн.


Түүнчлэн тус боомт нь өнгөрсөн жил гаруй хугацаанд амралтын өдрүүдэд ажилласан бөгөөд улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг.


Сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн ачаа барааны экспорт, импорт түлхүү явж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдал сайжирснаар боомтын ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. 

Учир нь бүс нутгийн олон улсын транзит тээвэр, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд цаашид амралтын өдрүүдэд ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий.


Иймд уг асуудалтай холбогдуулан Ховд аймгийн Булган суманд байрлах Булган боомтыг өргөтгөх асуудлыг Боомтын үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар дэмжиж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон аж.


Булган боомтын өргөтгөлийн асуудлыг өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга болон Женнис Хадис болон бусад холбогдох албаны төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хэлэлцсэнийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр болж байна.


Булган боомтын хүчин чадал нэмэгдэх нь улс орон, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.   


Холбоотой мэдээ